Сүхбаатар аймаг дахь олон нийтийн дэд зөвлөлийг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-10 09:58:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/ АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсэг энэ сарын 9-нд Сүхбаатар аймгийн олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Ш.Содном-Иш, Г.Амарсайн, Л.Ганбаатар нартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Ажлын хэсгээс мөн аймгийн ЗДТГ, түүний харьяа байгууллага болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж байна.

Мөн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар тодруулга авч, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтуудыг цуглуулан ажиллаж байгаа юм. Тус аймагт төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж буй албан хаагчид төрийн албан хаагчийн мэргэшлийн болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой томилгоо хийдэг талаарх гомдол мэдээлэл нэлээд гарч байгаа аж. Иймд төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, ажилд эгүүлэн томилсон байдалд хяналт тавих үүднээс холбогдох шийдвэртэй танилцаж, шаардлагатай тоон мэдээллүүдийг гаргуулан авч судлан үзэж байгаа аж.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ