Завханы Нэгдсэн эмнэлэг ойрын дуудлагын машинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-15 17:40:36
Завхан/МОНЦАМЭ/ Завханы Нэгдсэн эмнэлэг ойрын дуудлагын автомашинтай боллоо. Энэхүү автомашиныг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1980-1990 онд ажиллаж байсан ахмад эмч, ажилчдын үр хүүхдүүд санаачлан иж бүрэн тоноглогдсон ойрын дуудлагын MITSUBISHI DELlCA D5 маркийн туулах чадвар сайтай машиныг бэлэглэлээ.
Завханы Нэгдсэн эмнэлэгт чих хамар хоолойн эмчээр ажиллаж байсан ахмад эмч Д.Пүрэвжав, Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ш.Ядамжав, Мэдрэлийн эмч О.Батхуяг, Хүүхдийн эмч Б.Шинэн, Эх барих эмэгтэйчүүдийн эмч Р.Цэрэнлхам зэрэг найман ахмад эмчийн үр хүүхдүүд нь нийлж энэхүү автомашиныг бэлэглэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эмч нарын ажлыг хөнгөвчлөх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлжээ.
Шинэ машин гардуулах үйл ажиллагаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч нарын холбоо, тэдний үр хүүхдүүд, эмнэлгийн ажилчид, аймгийн удирдлагууд, иргэд оролцлоо. Түргэн тусламжийн шинэ машин олон түмэнд хурдан шуурхай хүрч үйлчлэх ерөөлийг өргөж дөрвөн дугуйг нь сүүгээр мялааж машины түлхүүрийг Нэгдсэн эмнэлгийн жолооч Р.Дашнямд гардуулан өглөө. Тэрээр дөрөв дэх шинэ машиныхаа түлхүүрийг гардан авч байгаа юм байна.
Иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт ойрын болон ойрын дуудлагад явах автомашины хүрэлцээ хангамж тааруу байсан юм. Аймгийн нэгдсэн эмнэлэг ийнхүү иргэдийн оролцоотойгоор ойрын түргэн тусламжийн автомашинтай боллоо. Эмч, ажилчдын хүүхдүүд дараагийн удаа бөөрний тасгийг иж бүрэн тохижуулж өгөхөө амласан бол одоо ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид ч өөрсдөө нийгмийн сайн сайхны төлөө гар бие оролцоно гэдгээ илэрхийлж байлаа. Төрийн ажлыг хийхэд улсаас төсөв хөрөнгө хараад суугаад байх бус энэ мэтээр иргэдийнхээ оролцоотой шийдвэрлэх боломж бий гэдгийг ахмад эмч нарын холбоо энэ үеэр дуулгав.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ