“Эрдэнэт медикал” оношилгоо эмчилгээний төв ашиглалтад ороход бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-07 17:21:34

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нар өчигдөр Эрдэнэт хот дахь “Эрдэнэт медикал” оношилгоо эмчилгээний төвийн бүтэц, зохион байгуулалттай танилцлаа.

“Эрдэнэт” үйлдвэр ХХК нь “Тогтвортой хөгжил, менежмент” бодлогын хүрээнд энэхүү эмнэлгийг дэд бүтцийн хамт 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар буюу 51 сая ам.доллараар байгуулжээ. Тус оношилгооны төв 2014-2015 оны хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж бүхий Японы Хитачи медикал компанийн өндөр хүчин чадалтай аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглосон. Ингэснээр хорт хавдрын эрт үеийн оношилгоо хийх, зүрх судас, бүдүүн гэдэсний хорт хавдрын оношилгоо зэрэг бүх төрлийн шинжилгээг нэг дор цогцоор нь хийх боломжийг бүрдүүлжээ.

6800 м.кв талбай бүхий 7 давхар энэхүү төвийн дотоод зохион байгуулалтыг Японы эмнэлгийн стандартын дагуу хийж үйлчлүүлэгчид, эмнэлгийн ажилчдын хөдөлгөөний урсгал давхцахгүй байхаар зохицуулсан байна. Мөн нян үрждэггүй шалны хулдаас, хана, лабораторийн бохир зайлуулах хоолой, нэгдсэн хийн болон агааржуулалтын системээр тоноглосноос гадна 180 автомашины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийджээ.
 
Нэг удаадаа 500 хүн хүлээн авах хүчин чадалтай тус оношилгооны төв мөн онлайнаар үйлчлүүлэгчдийн мэдээллийг авч улмаар 6-12 жил хадгалах бололцоотой. Тус оношилгооны төвийг нээхэд бэлэн болсон бөгөөд цаашид үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломжтой газарт хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаагаа үйлдвэрийн удирдлагууд УИХ-ын гишүүдэд хандан хэлж байлаа. ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ Япон улсын Эрүүл мэндийн сайдтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тухайгаа илэрхийлээд, гэрээний нөхцөл, журмын дагуу хамтран ажиллах боломжийн талаар судлан хариу өгөхөө мэдэгдлээ.
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд