ҮЭ-ийн дарга эсэргүүцлээ илэрхийлж өөрийгөө шатаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-17 11:19:16

НЬЮ-ЙОРК. /Nypost/. Монголын уул уурхайн компанийг БНХАУ-д худалдахыг эсэргүүцэн "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга өөрийгөө шатаасан байна.

“Манай компанийг Засгийн газар дэмжихгүй болсноор, ажилтан, албан хаагчид болон тэдний гэр бүл өлсөх болоод байна. Тиймээс би Монголын ард түмэн, хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө шатааж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Тэрбээр өөр дээрээ шатамхай шингэн асгаж, гал асааж байгаа дүрс бичлэг энэ сарын 13-нд олон нийтийн цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Түүнийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийнх нь 40 хувь түлэгдсэн байжээ.

Түүний эмчилгээний зардлыг Монголын нүүрсний 39 уурхайгаас бүрдэх "Эрдэнэс Таван Толгой" ХК төлөхөөр болсон гэж “AKI Press” мэдээлэв.

Монголын эдийн засагт дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэхийн тулд “Тавантолгой” ордын нэг хэсэг зэрэг төрийн 10 компанийн хувьцааг тус улсын Засгийн газар худалдахаар хэлэлцэж байна. Хэрвээ Засгийн газар хувьцааг худалдвал компанийн албан хаагчид ажилгүй болно гэж Үйлдвэрчний эвлэлийн дарга эмээжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ