Атомашины эд зүйл хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-17 11:22:25

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр “Нийслэл илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт автомашины цонх цохиж эд зүйлийг нь хулгайлдаг гурван бүлэг этгээдийг баривчлан шалгаж эхэлжээ.

 “Нийслэл илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд  халаас, орон байр, автомашины эд зүйл хулгайлах 264 хэрэг нөхөн, 128 хэргийг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Тухайлбал,  Хулгайлах гэмт хэрэг 306, дээрмийн хэрэг 19, булаалт 20, хүчирхийлэл 13, залилан мэхлэх 34, нийт 392 хэргийг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан 28 этгээдийг эрэн сурвалжилж тогтоожээ. Түүнчлэн “Нарантуул”, “Хархорин” зах, “Тэди”, “Монтел” зэрэг газраар хулгайн эд зүйл авч зарж борлуулдаг гар дээрээс гар утас худалддаг этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж шалгаж эхэлсэн байна.
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас иргэдэд хандан тээврийн хэрэгслээ харуул хамгаалалтгүй газар эзэнгүй орхихгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер тавьж байршуулах, хүн олноор цугларсан газар эд зүйл, гар утсаа алдахаас болгоомжилж сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Б.Заяа

Холбоотой мэдээ