Орон нутгийн төсвийн хөрөнгөөр томоохон ажил хийхийг иргэд хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-18 23:06:56
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2018 оны төсвийг олон нийтэд танилцуулах “Нийтийн сонсгол”-оор иргэдийн зүгээс баг тус бүр дээр ганц нэг жижиг ажил хийх биш, багаараа нийлээд хоршоод бүтээлч, сумын хөгжил дэвшилд нөлөөлөхүйц, иргэдэд тустай, томоохон ажлыг хиймээр байна хэмээн санал дэвшүүллээ. 
Өнөөдөр буюу 18-ны өдөр Сүхбаатар сумын ИТХ болон сумын ЗДТГ-аас аймгийн Иргэний нийгмийн холбоотой хамтран зохион байгуулсан уг арга хэмжээ нь Сүхбаатар сумын хувьд анхдагч үйл ажиллагаа болсон юм. Уг арга хэмжээнд Сүхбаатар сумын ИТХ-ын төлөөлөгчид, 8 багийн иргэдийн төлөөлөл, багийн Засаг дарга нар болон хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Сүхбаатар сумын иргэдээс 2018 оны төсвийг хэлэлцэхийн өмнө суманд болон багуудад тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэх, ямар ажил арга хэмжээ хийх талаар урьдчилсан санал асуулга авсан байна. Энд нийт 1301 өрх хамрагджээ. Энэхүү санал асуулгад хамрагдсан иргэдийн зүгээс түлээ нүүрсний цех ажиллуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, золбин нохдыг устгах, худалдааны цогцолбор байгуулах, камержуулалтыг сайжруулах, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, хогийн цэгийг цэгцлэх, зам талбайг засаж сайжруулах, халуун устай болох гээд энгийн давхардсан олон саналуудыг хэлжээ. Ингэж иргэдийн санал дээр тулгуурлан авсан саналаа эрэмбэлэх ажлыг сумын удирдлагууд хийж байгаа аж.
Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа оролцогчдод хандаж улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар суманд хийгдэх ажлуудыг тодорхой тайлбарлаж өглөө. 2018 онд Сүхбаатар сумын орон нутгийн хөгжлийн санд 138 сая төгрөгийг төсөвлөж өгчээ. Энэ мөнгөө хэрхэн зарцуулах, суманд үлдэцтэй, иргэдэд өгөөжтэй ямар жил хийвэл үр дүнтэй болох вэ гэдэг саналыг авах үүднээс энэхүү нийтийн сонсголыг зохион байгуулжээ. Сүхбаатар сумын тухайд 2016 онд 228 сая, 2017 онд 46 сая төгрөгийг сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн өгч байсан байна. Иргэдийн зүгээс баг тус бүр дээр ганц нэг жижиг ажил хийх биш, багаараа нийлээд хоршоод бүтээлч, сумын хөгжил дэвшилд нөлөөлөхүйц, иргэдэд тустай, томоохон ажлыг хиймээр байна хэмээн санал дэвшүүллээ. Тухайлбал Салхитын 3-р багт хүүхдийн цэцэрлэг, Сайханы хөтөлийн чиглэлийг замыг хатуу хучилттай болгох, 60 айл болон 4-р багийн цэвэр усны шугамыг шийдвэрлэх, ахмадын ордон барих зэрэг далайцтай ажлууд хийхийг санал болгож байлаа. 
           Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ