Чойрын богд ууланд 100 хол давсан аргаль угалз нутаглана

Монголын мэдээ | Байгаль орчин
mn_tuul@montsame.mn
2015-11-19 07:12:42

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Говь-Сүмбэр аймагт ажиллах үеэрээ Чойрын богд уулын тусгай хамгаалалтын бүс нутгийн үйл ажиллагаатай танилцжээ.

Чойрын богд ууланд 1990-ээд оны эхээр Дорноговь аймгийн Их нартын байгалийн нөөц газраас говийн аргаль угалз цөөн тоогоор нүүдэллэн ирж байсан бол эдүгээ 100 хол давсан аргаль угалз нутаглах болжээ. Н.Батцэрэг сайд байгаль хамгаалагчидтай болон нутгийн иргэдтэй мэдээлэл солилцон цаашид яамны зүгээс авах арга хэмжээ, хууль тогтоомжийн талаар харилцан ярилцсан байна.

Нутгийнхны тахилга шүтээнтэй Их Бага Оцол сансар ууланд хөв цөөрөм байгуулж аргаль угалзыг усаар нь даллан гүйдэл, нүүдлийн замыг нь тосон хууль бус агналт явуулж байгаа нь хамгийн их хүндрэлтэй асуудал болсон гэнэ. Байгаль хамгаалагчид аргаль угалзаа эргэж байгаа ч хулгайн ан хийх тохиолдол мэр сэр гарсан аж.

Сүүлийн үед малчдын нөхөрлөлийн үйл ажиллагаа эрчимжсэнээр гал түймрийн аюул, хулгайн ан хийгчдийн хөл хөдөлгөөн харьцангүй татрах шинжтэй болжээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ