Шинэ оноо угтах сонин хачин зан үйл, бэлгэдлүүд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-12-28 18:08:13
Шинэ жил бол дэлхий дахинаараа тэмдэглэн өнгөрүүлдэг, хамгийн өргөн дэлгэр баяр наадам билээ. Улс үндэстэн бүр энэ баярыг өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой зан үйлийг хийж тэмдэглэдэг. Жишээлбэл, италичууд хуучин сандал, индүү зэргээ гэрийнхээ цонхоор гаргаж шиддэг бол Панам улсын иргэд аль болохоор их дуу чимээ гаргахын тулд машиныхаа сигналыг тултал нь дарж, шүгэлдэж, хашгиралддаг гэнэ. Болгарчуудын хувьд шинэ жил дөнгөж гарсны дараах эхний хэдэн минут бол “шинэ оны  үнсэлтийн мөч” ажээ. 

Итали

Итали гаралтай өвлийн өвгөнийг Баббо Натале гэнэ. Энэ улсад 1 дүгээр сарын 6-ны өдөр Шинэ жил айлчлан ирдэг болой. Эртний домогт өгүүлдгээр, тухайн өдрийн шөнө сайхан сэтгэлт Бефана гүнж шидэт шүүр хөлөглөн нисэн ирдэг ажгуу. Тэрбээр жижигхэн алтан түлхүүрээр айлуудын байшингийн хаалгыг онгойлгон, хүүхдүүд унтаж буй өрөөнд орж ирээд задгай зуухнаас өлгөөтэй байгаа оймсонд шинэ жилийн бэлгээ хийдэг гэнэ. Хичээлээ сайн давтаагүй, гадуур их тэнэсэн хүүхдэд Бефана дагина чимх үнс эсвэл нүүрсний хэлтэрхий өгдөг аж.

Шинэ он гарах мөчид хуучин бүхнээсээ салсан байх ёстой гэж италичууд үздэг. Иймээс шинэ жилийн шөнө хуучин эд зүйлсээ гэрийнхээ цонхоор гаргаж шиднэ. Хуучин сандал, индүү зэрэг эд хогшлоо цонхоороо гаргаж шидэх нь ердийн үзэгдэл.

Италийн хөдөө орон нутагт бас нэгэн өвөрмөц бэлгэдлийн зан үйл бий. Хөдөөний хүмүүс 1 дүгээр сарын 1-ний өдрийн өглөө эртлэн гэрээсээ гарч, булаг шандны цэвэр усыг гэртээ авчирдаг гэнэ. Ус бол аз жаргалыг тээгч гэж үздэг учраас италичууд ийм бэлгэдлийн зан үйлийг хийдэг байна.

Шинэ оны анхны өдөр хэнтэй хамгийн түрүүнд уулзсан бэ гэдэг бол италичуудад маш чухал бэлгэдлийн чанартай. 1-ний өглөө лам санваартан хүнтэй эхэлж тааралдах аваас энэ нь азгүй мууг  бэлгэднэ. Харин бяцхан хүүхэд эсвэл нуруу нь бөгтийсөн өвгөн хүнтэй тааралдах нь сайны бэлгэдэл ажгуу.

Эквадор

Хэрвээ ирж буй шинэ ондоо бүтэн жилийн аялж жуулчлахыг хүсч байгаа хүн байгаа бол цагийн зүү 12 удаа цохих үед чемодан эсвэл цүнхээ бариад байшингаа тойроод гүйх хэрэгтэй.

Харин Шинэ онд гэнэт ихээр баяжих эсвэл хайр дурлалтай учрахыг хүсвэл яах ёстой вэ?

Ирэх онд толгой дээрээс чинь мөнгөн тэмдэгтүүд цас бороо мэт асгараасай гэж хүсч байгаа бол цагийн зүү шөнийн 12 цагийг заах үед шар өнгийн дотуур хувцас өмсөх хэрэгтэй гэнэ шүү.

Харин мөнгө төгрөгийг хүсэх бус харин амьдрал тань аз жаргалтай байгаасай гэж хүсч байвал улаан өнгийн дотуур хувцас өмсөөрэй.

Эквадорчуудын хувьд өнгөрсөн онд тохиосон таагүй үйл явдлуудын гунигт дурсамжуудаас салах хамгийн найдвартай арга бол шилэн аяганд ус хийгээд гадагш нь шидэх явдал гэнэ. Ингэснээр муу муухай бүхэн шилэн аягатай хамт бутран хагарч буй нь тэр болой.

Швед

Тус улсад Шинэ жилийн өмнөхөн хүүхдүүд гэрэл гэгээний хатан хаан Лючия-г сонгодог. Түүнд цагаан өнгийн даашинз өмсгөж, лаа асаан чимэглэсэн титмийг толгойд нь өмсгөнө. Лючия хүүхдүүдэд бэлэг тарааж, гэрийн тэжээвэр амьтад болох мууранд цөцгийн тос, нохойнд жимсний яс, илжгэнд лууван өгнө. Баярын шөнийн турш айлуудын гэрэл асаалттай байх бөгөөд шөнийн гудамж  нүд гялбам тод гэрэлтэх ажээ.

ӨАБНУ

Тус улсын аж үйлдвэрийн төв болох Йоханнесбург хотын нэгэн хорооллын оршин суугчид шинэ оноо угтахдаа гэрийнхээ цонхоороо шилэн савнаас эхлээд овор хэмжээ ихтэй хуучин тавилгаа шиддэг гэнэ.
Энэ үед цагдаа нар Хилброу хорооллыг хааж, автомашинуудыг нэвтрүүлдэггүй аж. Үүний сацуу, шинэ жилийн шөнө гэрийнхээ цонхоор хуучин хөргөгчөө шидэхгүй байхыг сануулдаг байна. “Хөргөгчөө цонхоороо шидэхгүй байх, агаарт хий буудахгүй байхыг анхааруулсан олон мянган ухуулах хуудсыг бид тарааж өгсөн” гэж цагдаагийн газрын төлөөлөгч ярьж байна. Шинэ жилийн шөнө уг хороололд 100 орчим цагдаа эргүүл хийдэг аж.

Англи

Шинэ жилийн өдөр хүүхдүүдэд зориулан англи ардын үлгэрүүдээр зохиомжилсон жүжигчилсэн үзүүлбэрийг сонирхуулдаг.

Унтахынхаа өмнө хүүхдүүд бэлгэнд зориулсан тавгуудыг ширээн дээр тавих ба Санта Клаус өвлийн өвгөн морилон ирээд тавгууд дотор авчирсан бэлгээ хийнэ. Хүүхдүүд гутал дотроо өвс хийдэг нь Санта Клаусын унаж ирсэн илжигийг хооллох гэсэн санаа болой.

Шинэ жилийн ил захидал солилцох заншил чухамдаа Англид анх үүссэн бөгөөд 1843 онд Лондон хотод шинэ жилийн хамгийн анхны ил захидлыг хэвлэж байжээ.

Шинэ он айлчлан ирснийг зарлан хонх дуугарна. Гэхдээ шөнө дунд болохоос өмнө дуугарч эхлэх ба дуу нь чанга биш байдгийн учир нь, хонхыг хөнжлөөр бүтээдэгтэй холбоотой аж. Харин яг 12 цаг болох үед хучлагыг авснаар хонхны дуу хот тосгон даяар цуурайтдаг байна.
Хонх дуугарч буй тэр мөчид дурлалт хосууд шинэ онд салж хагацахгүйн тулд шидэт мод гэгддэг цагаан борзын дор зогсон үнсэлцдэг гэнэ. 

Үүнээс гадна, Британийн арлууд дээр “Шинэ оныг гэртээ оруулах” уламжлалт зан үйл ихэд түгжээ. Цагийн зүү 12 гэсэн тоонд ойртох үед байшингийнхаа арын хаалгыг онгойлгон Хуучин оноо үдэн гаргах ба цагийн зүү яг 12-ыг заах тэр мөчид урд хаалгаа онгойлгон Шинэ оныг урин оруулна. 

Шотланд

Шотландчууд Шинэ жилийн баярыг “Хогмани” гэж нэрлэдэг. Шинэ он айлчлан ирэх тэр мөчид хүмүүс гудамж талбайд гарч, Роберт Бернс үгийг нь зохиосон дууг дуулцгаана. Шотланд заншлын дагуу, тэд давирхайтай торхнуудыг шатааж, гудамжаар өнхрүүлэн явах ба энэ нь хуучин оноо үдэн шатааж, шинэ оноо урин залж буй хэрэг ажээ.

Шинэ онд хамгийн түрүүнд гэрт нь хэн орж ирэв гэдгээр  ирэх онд тухайн өрх айл аз хийморьтой байх уу эсвэл азгүйтэйлтэй учрах уу гэдгийг шинждэг гэнэ. Хэрвээ хар үстэй эрэгтэй хүн айлд орж ирээд бэлэг тараах аваас энэ нь их аз хийморийг дууддаг ажээ. Ийм бэлгэдлийг First Footing гэж нэрлэдэг байна.  

Ирланд

Ирландчуудын хувьд Зул сарын баяр бол ердийн баяр цэнгэл гэхээсээ илүүтэй шашны баяр юм. Зул сарын баяр эхлэх орой ирланд хүмүүс цонхныхоо дэргэд зул асааж тавьдаг бөгөөд энэ нь Иосиф, Мария хоёр хоноглох газар хайж яваа бол тэдэнд туслах гэсэн санаа аж.

Ирланд эзэгтэй нар энэ өдөр seed cake гэдэг бялууг гэр бүлийнхээ гишүүн бүрт зориулан хийнэ. Түүнээс гадна, гурван ширхэг пудинг /царцмаг, чунз/ хийж нэгийг нь Зул сарын баярт, нөгөөг нь Шинэ жилд, гуравдахийг нь загалмай зүүлгэх ёслолд зориулдаг ажээ.

Колумби

Колумби улсад болдог шинэ жилийн багт наадмын гол баатар бол Хуучин он юм. Өндөр модон хөлөн дээр догонцон явах Хуучин он нь хөгжилтэй түүхүүдийг хүүхдүүдэд хүүрнэн ярьж өгнө. Харин Папа Паскуале бол Колумбын өвлийн өвгөн юм.

Шинэ жилийн өмнөхөн нийслэл Богота хотын гудамжинд хүүхэлдэйнүүдийн баярын сүрт жагсаал болж, алиалагч, чөтгөр шулам зэрэг үлгэрийн баатруудыг дүрсэлсэн олон хүүхэлдэйг автомашины дээр өлгөн хотын хамгийн эртний Канделария гэдэг дүүргийн гудамжаар явж, нийслэлийн оршин суугчидтай үдэлтийн ёслол үйлддэг ажээ.

Франц

Францад өвлийн өвгөнийг Пер Ноэль гэж нэрлэх ба тэрбээр шинэ жилийн шөнө морилон ирэх үедээ хүүхдүүдийн гутал дотор бэлэг хийж орхино. Хэн нэгний бэлгэн доторх шинэ жилийн бялуун дотор шош байж таарвал тэрхүү хүүхдийг “шош хаан” гэж өргөмжлөх ба шинэ жилийн шөнийн турш бүх хүмүүс түүний хэлсэн ярьсныг даган биелүүлнэ.

Францчууд “сантон” хэмээх модоор эсвэл шавраар хийсэн дүрсүүдийг гацуур модныхоо дэргэд тавьдаг. Тогтсон заншил ёсоор, дарс сайн эсгэдэг гэрийн эзэн барьсан хундагаа дарсны торхтой тулгаж, торхонд баярын мэнд хүргээд их ургац авахын төлөө уудаг гэнэ.   

Финланд

Цас мөсөнд хучигдсан Финланд оронд болдог өвөл цагийн гол баяр наадам бол 12 дугаар сарын 25-ны өдөр тэмдэглэдэг Христийн мэндэлсэн өдөр буюу Зул сарын баяр юм. Энэ өдөр Лапландын орноос урт замыг туулан Өвлийн өвгөн хүрэлцэн ирж, хүүхэд багачуудад бэлгээр дүүргэсэн сагсыг тараан өгнө.

Шинэ жилийн баяр бол Зул сарын баярын үргэлжлэл бөгөөд идээ будаагаар бялхсан ширээг тойрон гэр бүлээрээ сууна. Шинэ жилийн шөнө болоход финчүүд цагаан лав хайлуулан, хүйтэн усанд хийгээд ирээдүйд юу болохыг зөгнөн таамаглана.

Герман

Өвлийн өвгөн Санта Клаус Шинэ жилийн шөнөөр илжиг унаж ирдэг гэж германчууд ярилцдаг. Унтахынхаа өмнө хүүхдүүд бэлгийн тавгуудаа ширээн дээр тавих ба түүн дотор нь Санта Клаус бэлгээ хийнэ. Мөн шаахай дотроо өвс хийдэг нь өвлийн өвгөний унаж ирсэн илжгийг дайлах гэсэн хэрэг ажээ.

Куба

Куба хүүхдүүдийн тэмдэглэдэг шинэ жилийн баярыг Хаадын өдөр гэж нэрлэдэг. Хүүхдүүдэд бэлэг авчирч өгдөг илбэчин хаад бол Бальтасар, Гаспар, Мельчор нар билээ. Шинэ жилийн өмнөхөн хүүхдүүд тэдэнд захидал бичиж, өөрсдийн хүсэл мөрөөдлөө илэрхийлдэг байна.

Шинэ он гарахын өмнөхөн кубачууд гэртээ байгаа бүх сав суулгыг усаар дүүргэх ба шөнө дунд болонгуут түүнийгээ цонхоороо асгадаг аж. Эрх чөлөөний арлын оршин суугчид шинэ оныг ус мэт тунгалаг, цэвэр ариун байгаасай гэсэндээ ийм зан үйлийг хийдэг болой.

Цагийн зүү 12 удаа цохих тоолонгоор 12 ширхэг усан үзмийг идэх бөгөөд ингэснээр 12 сарын турш сайхан сэтгэл, хөгжил баясал, амар амгалан байдал таныг дагалдах болно.

Панам

Шинэ жилийн шөнө дундын үед бүх хонхнууд дуугарч, автомашинтай хүмүүс сигналаа дарах ба энэ үеэр хүүхэд, хөгшидгүй бүгдээрээ байдгаараа чанга хашгирч, гартаа тааралдсан зүйлсээр юм нүднэ. Энэ нь ирж буй шинэ жилийг “аргадаж” буй хэрэг ажээ.

Унгар

Унгарчууд шинэ он дөнгөж гарах тэрхэн хэдэн секундийн хугацаанд шүгэлддэг гэнэ. Ингэхдээ хуруугаа амандаа хийж шүгэлдэхгүй бөгөөд хүүхдийн цоор хөгжим, шүгэл зэргийг ашиглана. Шүгэлдэж исгэрснээр гэр орноосоо муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, баяр баясгалан, аз жаргалтай амьдралыг урин залдаг ажээ.

Шинэ жилээр идэж буй хүнс нь ид шидийн хүчийг агуулдаг гэдэгт унгарчууд итгэдэг байна. Тухайлбал, вандуй болон шош нь бие, сэтгэлийн хүчийг хадгалдаг бол алим нь гоо үзэсгэлэн, хайр сэтгэлийг бэлгэднэ. Самар нь зовлон зүдгүүрээс, сармис нь өвчин зовлонгоос хамгаалдаг бол зөгийн бал нь амьдралыг илүү “амтлаг” болгох шидтэй гэнэ.  

Япон

Хонх 108 удаа дуугарснаар Шинэ он Япон оронд айлчлан ирдэг. Эртний домогт өгүүлснээр, хонхны цохилт бүр нь хүн төрөлхтний гэмт муу явдлыг арилгадаг аж. Япончуудын үздэгээр, шунал, уур хилэн, мунхаг явдал, хөнгөмсөг зан, зориггүй хулчгар байдал, атаа жөтөө гэсэн зургаан гол гэм дутагдал хүмүүст байдаг ба тэдгээр нь тус бүр 18 өөр “хувилбар”-тай байдаг. Энэ бүхнийг арилгахын тулд 108 удаа хонх цохидог гэнэ.

Япон хүүхдүүд Шинэ оныг угтахдаа шинэ хувцсаар гоёдог. Шинэ хувцас өмсөх нь шинэ онд аз хийморийг дуудаж, эрүүл энхийг авчирдаг гэж үздэг ажгуу. Аз жаргалыг ивээгч үлгэрийн 7 шидтэний хөлөглөдөг далбаат завийг дүрсэлсэн зургийг шинэ жилийн шөнө болоход япон багачууд дэрэн дороо хийгээд унтана.    

Шинэ он гарсны дараах эхний хэдэн секундийн турш инээмсэглэх хэрэгтэй гэж япончууд үздэг. Гэр орондоо аз жаргалыг авчрахын тулд тэд байшингийнхаа орох хаалгыг нарс, хулс модны навчаар гоёж чимэглэнэ. Нарс мод нь урт удаан наслахыг бэлгэддэг бол хулс мод нь бие биендээ үнэнч байхын бэлгэ тэмдэг юм.

Японд өвлийн өвгөнийг Сегацу-сан гэж нэрлэнэ. Шинэ жилийн баярын үеэр япон жаалууд агаарт могой хөөргөж тоглодог бол охидууд нь волан хэмээх агаарын теннистэй төстэй тоглоомоор наадна.

Шинэ жилийн баярын үеэр хэрэглэдэг хамгийн түгээмэл бэлгэдэл-багаж бол тармуур юм. Шинэ ондоо аз жаргалаа хамж хураахын тулд хүн бүр тармууртай байх ёстой гэдэгт япон хүн бүр итгэдэг. 10 см-ээс 1,5 м хүртэлх янз бүрийн хэмжээтэй “кумаде” гэдэг тармуурыг хулсаар хийж, түүнийгээ янз бүрийн зураг, сахиусаар чимэглэнэ.

Айл гэрт аз жаргалыг авчирдаг Оны бурхныг аргадахын тулд япончууд байшингийнхаа дэргэд гурван ширхэг хулсан савхаар жижигхэн хаалга хийж, түүнээсээ нарсны мөчир зүүдэг аж. Чинээлэг амьдралтай хүмүүсийн хувьд жижигхэн нарс мод, хулсны нахиа эсвэл усан үзмийн жижигхэн мод худалдан авдаг.

Голланд

Өвлийн өвгөн аав хөлөг онгоц хөлөглөн хүрэлцэн ирнэ. Хүүхдүүд түүнийг эрэг дээр баяр хөөртэйгээр угтан авна. Өвлийн өвгөн жимс, тоглоом мөсөн чихэр бэлэглэнэ.

Болгар

Ах дүүс, хамаатан саднууд болон зочид Шинэ жилийн баярын ширээг тойрон суусан байх тэр мөчид 3 минутын хугацаанд гэрэл унтарна. Энэ мөчийг “шинэ жилийн үнсэлтийн мөч” гэж нэрлэх ба түнэр харанхуй нь зочид хэрхэн үнсэлцсэн талаарх нууцыг хадгална.

Грек

Зочид айлд очихдоо том чулуу авч явах ба чулуугаа тухайн айлын босгоны хажууд тавиад “Гэрийн эзний эд баялаг энэ чулуу мэт хүнд байх болтугай” гэсэн ерөөлийн үг хэлдэг аж. Хэрвээ том чулуу олдоогүй бол жижигхэн чулуу тавиад “гэрийн эзэнд тохиолдох зовлон бэрхшээл /нүдэнд унасан цагаа/ нь энэ чулуу шиг жижигхэн байх болтугай” гэж хэлдэг гэнэ.

Шинэ жил бол грекчүүдийн хувьд сайхан сэтгэлт гэгээн Василийгийн өдөр юм. Грек багачууд задгай зуухны дэргэд гутлаа тайлж орхиод “гэгээн Василий ирж гутлыг минь бэлгээр дүүргээд өгөөсэй” хэмээн хүсэн хүлээдэг ажгуу. 

Б.Адъяахүү  

Эх сурвалж: www.newsru.com
 
Холбоотой мэдээ