Хятадууд Оросын Су-35 сөнөөгч онгоцыг худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-20 09:36:56

ХАБАРОВСК. /TASS/. ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Комсомольск-на-Амуре хотын Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэр Хятадын Агаарын цэргийн хүчинд нийлүүлэх Су-35 сөнөөгч онгоцыг 24 ширхэгийг үйлдвэрлэхээр болжээ. Уг үйлдвэр нь Оросын нисэх онгоц үйлдвэрлэгч томоохон компани болох “Компания Сухой” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн бүрэлдэхүүнд багтдаг аж.

Энэ тухай Хабаровскийн Засгийн газрын өндөр албан тушаалын түшмэл мэдээлжээ.

“Дээрх хотод Хятад болон ОХУ-ын төлөөлөгчид хэвлэлийнхний хувьд хаалттай хэлэлцээ хийсэн. Энэ хэлэлцээ хэдэн жил үргэлжилсэн бөгөөд Хятадын цэргийнхэн Су-35 сөнөөгч онгоцуудыг улсдаа нийлүүлэх боломжийг сонирхож байсан. 24 ширхэг Су-35 сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээ байгуулсан” гэж бүс нутаг дахь эх сурвалж яриад хятадууд 4++ үеийн нисэх онгоцны анхны гадаадын захиалагч болсныг онцлон дурджээ.

Нэг Су-35 онгоцыг 83-85 доллароор үнэлж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл гэрээний нийт өртөг 2 тэрбум долларт хүрч магадгүй гэсэн үг юм.

4++ үеийн Су-35 сөнөөгч онгоц нь цагт 2500 км хүртэл хурдалж, 34000 км зам туулах чадалтай бол байлдааны радиус нь 1600 орчим км аж.

Уг сөнөөгч онгоцыг Хятадаас гадна Бразил болон Индонез улс худалдан авах сонирхолтой байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ