АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдааны хугацааг сунгав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunzaya@montsame.mn
2015-09-08 13:58:41

Ирэх 2016 онд тохиох АСЕМ-ын 20 жилийн ойд зориулж мэргэжлийн болон сонирхогчдын фото зурагчдын дунд зарласан “Урагшлах замд” (On the go) уралдааны бүтээл хүлээн авах хугацаа 2016 оны есдүгээр сарын 13-ныг хүртэл сунгалаа. 

Ази-Европын сангаас зохиож буй уг уралдаанд ирүүлэх гэрэл зургууд нь хоёр тивийн амьдрал, хөгжлийн хэв маягийг харуулсан “Урагшлах замд” сэдвийн хүрээнд байх бөгөөд АСЕМ-ын гишүүн бүх орны мэргэжлийн фото зурагчин, сонирхогчдод нээлттэй.

Бүтээлийг онлайнаар хүлээн авах ба шүүгчдийн бүрэлдэхүүнд Лазаллийн урлагийн коллежийн Путнам кино урлагийн сургуулийн тэргүүн Гисли Снэр, Сингапурын олон улсын гэрэл зургийн наадмын захирал Гвен Ли, мөн авьяаслаг гэрэл зурагчин Стефен Чоу зэрэг мэргэжлийн туршлагатай хүмүүс ажиллаж байна.

Оролцогчдоос хоёр гэрэл зурагчинг шалгаруулж Сингапурын Лазаллийн урлагийн коллежид мэргэжил дээшлүүлэх эрх олгоно. Мөн уралдаанд ирсэн шилдэг 20 гэрэл зургийг сонгож, ирэх 11 дүгээр сард Люксембургт болох АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтын үеэр үзэсгэлэн гаргана. Уг үзэсгэлэнг Белги, Сингапур улсад болон 2016 онд Улаанбаатар хотод болох АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтын үеэр олны нийтийн хүртээл болгох аж. Гэрэл зургийн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.asef.org/onthego сайтаас авах боломжтой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд