Г.Занданшатар: Төрийн байгууллагын бүх шатанд сахилга, дэг журмыг чангатгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-31 12:14:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинар хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийлээ.
Семинарын төгсгөлд аймаг, нийслэлийн Засаг дарга нар ЗГХЭГ болон нийт яамтай 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, “Энэ жил төрийн байгууллагын бүх шатанд сахилга, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай ажиллахыг орон нутгийн удирдлагаас шаардана. Хариуцлагатай байна гэдэг нь иргэддээ элдэв хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилдэг, иргэдээ сонсдог, асуудлыг нь богино хугацаанд шийдвэрлэж хариу өгдөг чадвартай байх гэсэн үг юм. Засгийн газраас боловсруулсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд хийх ажлыг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулах ёстой” гэв.

Тус гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ