Ван Чы Шань БНХАУ-ын дэд даргаар сонгогдох магадлал өндөр байна

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-01-31 17:13:48
Бээжин /МОНЦАМЭ/. ХКН-ын 18 дугаар удаагийн Намын Төв хорооны /НТХ/ Улс төрийн товчооны Байнгын гишүүн бөгөөд Сахилга батыг хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсан Ван Чы Шань Ху Нань мужийн Ардын төлөөлөгчдийн их хуралд сонгогдлоо. Ингэснээр түүнийг “улс төрийн тавцанд эргэн ирж, БНХАУ-ын дэд даргаар сонгогдох магадлал өндөр” боллоо хэмээн ажиглагчид үзэж байна.
 
Энэ оны 3 дугаар сард болох “Хоёр чуулган”-аар /Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал болон Улс төрийн зөвлөлдөх зөвлөл/ БНХАУ-ын удирдлагын түвшинд нилээд хэдэн халаа сэлгээ болох юм. Тухайлбал, БНХАУ-ын дарга, дэд дарга, Төрийн Зөвлөлийн сайд, дэд сайд гэх мэт. БНХАУ-ын дэд даргаар сонгогдох хүн зайлшгүй БХАТИХ-ын төлөөлөгч байх шаардлагатай байдаг ажээ.
Өдгөө 70 настай тэрээр өнгөрсөн жилийн 10 дугаар сард болж өнгөрсөн ХКН-ын 19 дүгээр Их хурлаар НТХ-ны гишүүнээр сонгогдоогүй юм. Тухайн үедээ түүнийг улс төрөөс “зодог тайллаа” хэмээж үзэж байсанч ийнхүү эргэн ирж буй нь БНХАУ-ын дэд даргаар томилогдож, Ши Жиньпиний гадаад үйл хэрэгт хувь нэмрээ оруулах магадлал улам бүр нэмэгдэж байна хэмээн үзэж байна. 
Гуравдугаар сард тэрээр БНХАУ-ын дэд даргаар томилогдвол сүүлийн 20-н жилийн хугацаан дахь анхны НТХ-ны гишүүн бус дэд дарга болох юм.
Ши Жиньпин, Ли Көцян нар тус тусын албан тушаалдаа үлдэж, УТТ-ны бусад Байнгын гишүүд болох Ли Жаньшү БХАТИХ-ын даргаар, Ван Ян УТЗЗ-ийн даргаар, Хан Жөн Төрийн зөвлөлийн дэд сайдаар томилогдох таамаглал гараад байна. БНХАУ-ын дэд даргын нэрд Ван Хунин болон Ху Чуньхуа нарын нэр мөн яригдаж байна.  
Дашрамд дурдахад, Ван Чы Шань нь өмнөх таван жилийн хугацаанд Сахилга батыг хянан шалгах хорооны даргаар ажиллаж байхдаа намын болон улс орон даяарх авлигтай хатуу тэмцэж, түүхэн хувьсал хийсэн хүн гэгддэг юм.
А.Анхбаяр
 
 
 
Холбоотой мэдээ