УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-06 08:55:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас эхлэх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт, Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Үдээс хойш эхлэх Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсох юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн үдээс хойш хуралдах ба Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Б.Туул


Холбоотой мэдээ