Алдархаан сумын ирвэс судлах камерт 60 гаруй гэрэл зураг хадгалагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-21 16:38:05

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Алдархаан сумын ирвэс бүхий таван газарт камер суурилуулаад хоёр жил болж байгаа билээ. Судалгааны баг камеруудыг саяхан эргэж өнгөрсөн есдүгээр сараас бичигдсэн 63 гэрэл зураг бүхий мэдээллийг аваад байна. Эдгээр гэрэл зураг болон дүрс бичлэг нь ирвэс судлах, тэдний тоо толгойг тоолох, хамгаалахад тус болох судалгааны чухал баримтууд юм.

Тус камеруудыг Ирвэс хамгаалах сан, АНУ-ын ирвэс судлалын төвтэй хамтран суурилуулан ажиглалт судалгаа, мониторингийн ажил хийж байгаа ажээ. Тодруулбал Алдархаан сумын Худаг Улаан, Улаан хайрхан, Хөх ам зэрэг газарт 11 автомат камер суурилагдсан байдаг ба энэ жилийн судалгаагаар Алдархаан сумд 56 тооны ирвэс бий хэмээн тооцоолжээ.
Сонирхуулахад ирвэсийн урт нь 135 см, сэрвээгээрээ 60 см, сүүлний урт нь 90 см, 45 кг хүртэл жин татдаг байна. Ирвэсний орооны цаг нь 2-3 сард эхэлж хагас сар үргэлжилдэг бөгөөд тав, зургаан сард 2-5 гүег төрүүлж, гурван сар орчим хөхүүлдэг байна. Голдуу бүрэнхий, харанхуйд хоол тэжээлээ эрж олдог, заримдаа өдөр ангуучлах нь бий. Сэм явдалтай, нуугдмал амьтан юм хэмээн судлаачид мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ