Төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-21 16:49:06

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Залуучуудын хөгжлийн төвөөс  "Амжилтын гараа" сургалтыг Улиастай сумын ерөнхий боовсролын сургуулийн төгсөх ангийн 78 хүүхдэд зохион байгуулах гэж байна. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд ирэх сарын хоёрны өдрөөс эхэлж долоо хоног үргэлжлэх юм байна.
Тус төвөөс ЭЕШ-даа бэлтгэж буй Улиастай сумын таван сургуулийн төгсөгчдөд зориулан өсвөр үеийн дэмжих бүлгийхэнтэй хамтран  "Мэргэжил сонголт"-ын талаарх сургалт,  “Амжилтаа хэрхэн эхлүүлэх вэ”, “Шинэ санаа төлөвлөлт хэрэгжүүлэлт”, шинэ санааг хэрхэн төсөл болгох вэ гэхчлэн нийт 25 цагийн сургалтыг явуулах ажээ. Энэхүү сургалтанд заавал төгсөх ангийн гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн, их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагдах боломжтой юм байна. Сургалтын үеэр хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхол, авьяас чадварт тохирсон алс ирээдүйтэй мэргэжлийг хэрхэн зөв сонгож эзэмших талаар зохих мэдлэгтэй болж шинэ санал санаачилгаа хэрхэн яаж хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжааг хаанаас олох, хэрхэн дээшлүүлэх,  гадаадад болон дотоодод оюутан болж суралцахад юуг анхаарах вэ хэмээн олон талын зөвлөгөө авах юм байна.
Дашрамд энэхүү сургалт хоёр дахь жилдээ ийнхүү үнэ төлбөргүй хийгдэж байгаа юм байна.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ