Завхан аймаг энэ жил ховор амьтан агнах зөвшөөрөл олгохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-21 17:00:07

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг ховор амьтдын тархац нөөцийн судалгааг гаргаж ховор амьтдыг энэ жил агнуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Судалгаагаар  энэ жил Завханд халиун бугын тархац нутаг 10382.0 км2 талбайд 1664 толгой нөөцтэй. Харин бор гөрөөсний тархац нутаг 11402,3  км2  талбайд 1513 толгой, аргаль хониных 1316,6 км2 талбайд 203 толгой, янгир ямаа 2249,5 км2  талбайд 604 толгой нөөцтэй байна гэсэн дүн гарчээ.
Мөн зэрлэг гахай 3856,8 км2  талбайд 60 толгой нөөцтэй байгаа бол цагаан зээр 5821 толгой, хар сүүлт 41 толгой, евроазийн минж 50 толгой тус тус нөөцтэй гэсэн судалгааг аймгийн БОАЖГ-аас гаргажээ. Тиймээс аймгийн ИТХ-аас энэ жил ховор ан амьтдыг агнуулах зөвшөөрлийг өгөхгүй шийдвэр гаргасан байна. Завхан аймаг сүүлийн гурван жил ийнхүү ховор амьтдыг агнах зөвшөөрөл огт олгоогүй байна.
Дашрамд аймгийн БОАЖГ-аас өвөлжилт хүндэрсэн цаг агаарын хүнд нөхцөлд зэрлэг амьтдад нийт 33 удаа өвс тэжээл, зарим газар мөс, цас тавих ажлыг хийжээ. Хаваржилт хүндэрсэн үед мөн зарим газар амьтдад өвс, усыг тавьж өгөх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа талаар аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ