Эх орноо бүтэн тойрсон дугуйчин Ч.Мөнгөндалай нийслэлдээ ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-11-24 14:03:56

Өнөөдөр Монголын залуучуудын холбооны төв байрны өмнө МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалай 136 хоног 5000 км замыг дугуйгаар амжилттай туулаад ирлээ.

Тэрбээр эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалаа өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдөр эхүүлсэн бөгөөд түүнийг МЗХ-ны төлөөлөгчид болон нийслэлчүүд, ах дүү, анд нөхөд нь баяртай тосч авч, урт замыг амжилттай туулж ирсэнд нь баяр хүргэлээ.

Ч.Мөнгөндалай нь 2 жилийн хугацаанд дугуйгаар 11200 км зам туулан эх орноо ийнхүү бүтэн тойрч чадсан залуугаар тодорч байна. Тэр өнгөрсөн онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6200 км замыг дугуйгаар туулсан бол энэ удаа Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн 3 зурвасаар зорчин нийт 5000 гаруй км замыг туулсаар өнөөдөр гэртээ ирж байгаа нь энэ юм.

Монгол улсыг дугуйгаар бүтэн тойрсон энэ аялал нь хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч монгол хүний эр зориг, тэсвэр тэвчээрийн нэг бахархалт үйл хэрэг болсон төдийгүй хамгийн урт, хамгийн хүнд хэцүү аялал болж түүхэнд тэмдэглэгдэх юм.

Түүний очсон газар бүрт нь МЗХ-ны салбар хорооныхон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах зэргээр дэмжлэг тусламж үзүүлжээ. Эрэлхэг зоригт Ч.Мөнгөндалай аяллын замд өлсөж цангах, хөдөө хээр хонох, хээрийн боохойтой нүүр тулахаас эхлээд олон бэрхшээлтэй учирч байсан хэдий ч хүсэл, зориг байхад ямар ч бэрхшээлийг даван туулж чадна гэдгийг Монгол залуустаа үлгэр дууриалал болж, батлан харуулж чадлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ