Хятад улс өнгөрсөн таван жилд гэмт хэрэгтэй тууштай тэмцсэн байна

ХИЛИЙН ЧАНАДААС
173@montsame.mn
2018-03-12 10:15:55
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод болж буй 13 дугаар удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд Хятадын Ардын дээд шүүхийн дарга Жоу Чян болон Ардын прокурорын газрын дарга Цао Женьмин нар өнгөрсөн таван жилийн хугацаанд БНХАУ-ын гэмт хэрэг, гэмт үйлдэлтэй хэрхэн тэмцсэн талаарх ажлын тайлангаа танилцууллаа.
  Ардын дээд шүүхийн дарга Жоу Чян, Ардын прокурорын газрын дарга Цао Женьмин нарын танилцуулснаар “Өнгөрсөн таван жилийн хугацаанд ХКН болон Хятад улсын хувьд түүхэн өөрчлөлт, шинэчлэлт хийсэн он жилүүд байсан. Ши Жинпин төвтэй ХКН-ын удирдлагын хэрэгжүүлж буй Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг чиглэл болгон “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш” зарчмыг зорилт болгон ажилласан. 2013-2017 оны хооронд Ардын дээд шүүх 82 мянга гаруй хэргийг шийдвэрлэсэн нь өмнөх таван жилтэй харьцуулахад 60 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Тус хугацаанд орон нутгийн Ардын дээд шүүх 20.2 их наяд юанийн 8.9 сая хэргийг шийдвэрлэв. Бүх шатны Ардын дээд шүүх нийтдээ эрүүгийн 5.4 сая гаруй хэргийг шийдвэрлэж, 6 сая хүнд зохих шийтгэлийг ноогдуулсан. Мөн бид тус хугацаанд авилгатай хатуу тэмцэж, 190 мянга гаруй авилгын хэргийг шийдвэрлэж, 260 мянга гаруй хүнд зохих шийтгэл ноогдуулсан байна. Үүний дотор муж, яамны зэрэглэлээс дээш албан тушаалтан 101, газар, тэнхимийн зэрэглэлийн 810 өндөр албан тушаалтанг тус тус шийтгэсэн” гэв.
     Тэдний танилцуулснаар өнгөрсөн таван жилийн хугацаанд 254 мянган гаруй хүнд албан тушаалын гэмт хэрэг үүсгэн шалгасан нь өмнөх таван жилтэй харьцуулахад 16.4 хувиар өссөн ба ингэснээр 55.3 тэрбум юанийн эдийн засгийн хохирлыг улс эх орондоо нөхөн төлүүлжээ.
   Мөн тэд хийсэн ажлын тайлангаа БХАТИХ-д танилцуулаад зогсохгүй, салбарын тулгамдаж буй асуудлууд болон цаашдын ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлуулах аж.  
А.Анхбаяр
Холбоотой мэдээ