ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зүүн хязгаараас эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-03-18 09:34:17
Москва /МОНЦАМЭ/.ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Оросын зүүн хязгаар Камчаткын хойг болон Чукоткыг автономит тойргоос эхэллээ.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр ОХУ даяар тус улсыг дараагийн зургаан жилд удирдах Төрийн тэргүүний сонгууль эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгууль 11 цагийн бүсэд орших өргөн уудам газар нутагтай Орос орны зүүн хязгаар Камчаткын хойг болон Чукоткыг автономит тойрогт Москвагийн цагаар 17-ны шөнийн 23:00 цагт эхэлсэн юм.

Энэ удаагийн сонгуульд нэг бие даан нэр дэвшигч, долоон намаас нэр дэвшигч өрсөлдөж буй юм. Тодруулбал Оросын ардын холбоо намаас Сергей Бабурин, Оросын коммунист намаас Павел Грудинин, Оросын Либерал-Ардчилсан намаас Владимир Жириновский, Иргэний санаачлага намаас Ксения Собчак, “Оросын коммунистууд” намаас Максим Сурайкин, Өсөлтийн намаас Борис Титов, Алим намаас Григорий Явлинский нар болон бие даан нэр дэвшигч ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч В.Путин зэрэг найман нэр дэвшигч ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна.

Энэ өдөр ОХУ даяар 97 мянган санал хураах байр ажиллаж 110 сая орчим сонгуулийн насны иргэн төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдлэх юм. Сонгуулийн явцыг дэлхийн 109 орны 1,5 сая ажиглагч хянах бөгөөд тэдгээрийн дийлэнхийг Герман, АНУ, Франц болон Их Британий ажиглагчид бүрдүүлж байна.

Л.Нандиа
Холбоотой мэдээ