Төрөх эмнэлгийн барилгын зураг төслийг өөрчилж барихаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-19 14:11:33
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод одоогоос зургаан жлийн өмнөөс баригдаж эхэлсэн ч ашиглалтад ороогүй 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг барилга угсралтын “Баярс констракшн”  ХХК үргэлжлүүлэн барихаар болжээ.
Уг нь барилгын ажлыг улсын төсвийн нэг тэрбум 200 сая орчим  төгрөгийн санхүүжилтээр “Мон инж бар” ХХК 2012 оноос эхлэн барьсан ч гуравдугаар давхрын хучилт, баганын норм стандартыг зөрчиж чанаргүй гүйцэтгэсэн учир мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоосон байдаг.
Гэхдээ  энэ удаа төрөх эмнэлгийн барилгын хуучин зураг төсвийг мэргэжлийн компани дахин боловсруулж гурав биш хоёр давхар болгон өөрчилж байгаа бөгөөд зураг төсөл эцсийн байдлаар батлагдсан үед санхүүжилтийг улсын төсөвт суулгахаар төлөвлөсөн аж.
Харин барилгын ажилд зориулж 2018 онд улсын төсөвт 800 орчим сая төгрөгийг төсөвлөсөн байна. Цаашид  орон нутгаас гүйцэтгэгч компанитай төр хувийн хэвшлийн түншлэл /концесс/ хэлбэрээр хамтран ажиллаж барилгын ажлыг дуусгасны дараа  санхүүжилтийг 2019 онд шийдвэрлэх хэлбэрээр яриа хэлэлцээ өрнүүлж байгаа гэж албаны хүн өгүүлэв.
Дашрамд дурдахад төрөх эмнэлгийн барилгын ажлыг энэ онд багтааж дуусгахаар төлөвлөсөн байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ