Аймаг, сумын зөвшөөрөлгүйгээр таван суманд тусгай зөвшөөрөл олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид энэ сарын 16-ны хуралдаанаараа Ашигт малтмалын газар "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 10.5 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэж үзэв.
Иймд ИТХ-ын ажлын албаны "Хүсэлт уламжлах тухай" тогтоолын төслийг хэлэлцээд 84 тоот тогтоол гаргаж, дээрх асуудлыг Уул уурхайн сайдад уламжилахаар болжээ. Уг тогтоолд энэ онд "Ашигт малтмалын газар" аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авалгүй Баян сумын Баян хэмээх газар "Нутгийн орд" ХХК-д 519,2 га, Бүрэн, Дэлгэрхаан сумын "Жавхлант" хэмээх газар "Инфинитиспейс" ХХК-д 1916,92 га, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал татгалзсан хариуг үл харгалзаж, Лүн, Өндөрширээт сумын "Цахиурт" хэмээх газар "Кланүэстайн майнинг" ХХК-д 4329,21 га-д тус бүр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг дурьдлаа. Цаашид аймгийн Засаг даргаас санал авах, холбогдох хуулийн 19,10, 26.7-д заасны дагуу олгосон эсэхээ мэдээлэх, орон нутаг татгалзсан нөхцөлд зөвшөөрөл олгосон бол учир, шалтгааныг нь тайлбарлаж байхыг холбогдох яамны сайдаас хүсэхээр болжээ.
Ш.Шүрэнцэцэг