Орос буруутай гэдгийг нотлох баримтуудыг үзүүлэх ёстой гэж олон улс үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-28 11:14:25
ЛОНДОН./РИА Новости/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг мэдрэл саажуулах химийн бодисоор хордуулсан хэрэгт Оросыг буруутгаж байгаатай холбоотойгоор Их Британи улс нотлох баримтуудаа үзүүлэх ёстой хэмээн Өрнөдийн эвслийн гишүүн бус бараг 160 улс үзэж байна.   
 
“Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Солсберид болсон хэрэгт Орос холбоотой гэдэгт бат итгэлтэй байна гэж хэлсэн ч тэрбээр бүх нотлох баримтаа олон улсын хамтын нийгэмлэг болон Оросод түүнчлэн Их Британичуудад үзүүлэх ёстой. Өрнөдийн эвслийн гишүүн бус бараг 160 улс ийм үзэл бодолтой байна” хэмээн Оросын ЭСЯ-ны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга мэдэгджээ.
 
Их Британийн талд ажиллаж байсан Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар мэдрэл саажуулах химийн бодист хордсон хэрэг гарснаас хойш ОХУ болон Их Британи улсын харилцаа эрс муудсан юм. Энэ хэрэгт Орос буруутай хэмээн Их Британийн эрх баригчид үзээд байгаа юм. Харин Оросын эрх баригчид “Их Британийн БХЯ-ны химийн лаборатори нь тус хэрэг болсон Солсбери хоттой ойрхон” хэмээн дурдахын сацуу “Орос энэ хэрэгт ямар ч холбоогүй” хэмээн няцаагаад байгаа билээ.
 
Энэ хэрэгтэй холбоотойгоор Их Британи улс Оросын 23 дипломатчийг нутаг буцаах шийдвэр гаргасны хариуд Орос улс мөн Их Британийн дипломатчдыг улс орноосоо гарч явахыг шаардсан юм. Харин сүүлийн 2 хоногт 25 улс Их Британитай нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлэн Оросын дипломатчдыг нутаг буцаах шийдвэр гаргасан билээ.
 
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ