Говь-Алтайд 15000 шахам иргэн гамшгийн дохиогоор ажиллах дадлага, сургуульд оролцов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-03-30 10:38:02
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн 18 сумын 125 аж ахуйн нэгж, байгууллагын 6670 ажилтан албан хаагч, 14.962 иргэн гуравдугаар сарын 29-ний өдөр зохиогдсон гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуульд оролцлоо.
Энэхүү дадлага, сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу орон даяар зохион байгуулагдсан юм.
Мөн тус өдрийн 11 цаг 30 минутад Говь-Алтай аймагт зонхилон тохиолддог газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийнлэх зорилгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 150 багш, ажилтан, суралцагсадыг, “Бэлэн бай” нүүлгэн шилжүүлэлтийн сургуулилтад хамруулав. Тус сургуулилтийн үеэр Газар хөдлөлтийн үеийн цагийн байдал дээр ажиллаж угаартсан, түлэгдэлттэй болон гар хөл нь хугарсан, ухаан алдсан иргэдэд аймгийн Улаанзагалмайн хорооноос эрүүл мэндийн анхны тусламж үзүүлжээ. 
Говь-Алтай аймагт шороон болон цасан шуурга, ган, зуд, газар хөдлөлт гээд байгалийн гамшигт үзэгдлүүд зонхилон тохиолддог билээ. Хамгийн сүүлд энэ  сарын 18-аас 19-нд шилжих шөнө Улаанбаатарын цагаар 4 цаг 20 минутад аймгийн төвөөс баруун урагш найман километрийн зайд 3 магнитудын хүчтэй газар хөдлөлт  болсон юм.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ