Кемерово мужийн Амбан захирагч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-04-03 13:06:07
Москва /МОНЦАМЭ/.ОХУ-ын Кемерова хотын “Зимняя вишня” худалдааны төвд томоохон гал гарч 64 хүн, түүний дотор 41 хүүхэд амь үрэгдсэн эмгэнэлт явдал өнгөрөгч сард болсон билээ. Тэгвэл тус мужийн Амбан захирагч 73 настай Аман Тулеев өөрийгөө хангалтгүй ажилласан хэмээн үзэж, хүсэлтээрээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. 
4 дүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аман Тулеевын хүсэлтийг хүлээн авч, олон жил шударга ажилласан түүнд талархал илэрхийлээд тус мужийн дэд захирагч Сергей Цивелевыг Кемерово мужийн захирагчаар түр томиллоо. Харин энэ сарын 9-ний өдөр тус мужийн оршин суугчид шинэ Амбан захирагчаа сонгох юм.
 21 жил Кемерово мужийн Амбан захирагчаар ажилласан Аман Тулеев ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ “Хүндэт Кузбассовчудаа! Бид хүнд хэцүү цаг үеийг туулан өнгөрөөж байна. Аймшигт галд 64 хүн амь үрэгдсэний дийлэнх  хүүхдүүд байсан нь харамсалтай. Би амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлтэй уулзаж, туслалцаа үзүүлэхийг хичээлээ. Тэдэнд дахин гүн эмгэнэл илэрхийлье. Бид цаашид хүчтэй байж, алдсан хүмүүсээ сэтгэлдээ дурсаж явах болно. Энэ хугацаанд миний үйл ажиллагааг дэмжиж ирсэн ард иргэддээ баярлалаа. Таныг болон бидний төрөлх нутгийг бурхан ивээх болтугай” хэмээсэн юм.
 Дашрамд дурдахад Аман Тулеев 1980-аад оны сүүлээр улс төрийн замналаа эхэлж, 1997 оноос хойш Кемерово мужийн Амбан захирагчаар 4 удаа улиран сонгогдсон юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусах байжээ.     
Л.Нандиа
 
 

Холбоотой мэдээ