Уур амьсгалын эсрэг тэмцэх төсөл, хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонголын эмэгтэйчүүдийн сан, Монголын Эмнести Интернейшнл ТББ болон “Хөөрхөн Зүрхнүүдийн аян” ТББ хамтран “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд-Масктай марш” жагсаалыг Тусгаар тогтнолын талбайгаас Чингсийн талбай хүртэл зохион байгууллаа.
Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй уур амьсгалын өөрчлөлт болон түүнд нөлөөлж буй агаар, хөрсний бохирдол, цөлжилт зэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд сурталчлан танилцуулах чиглэлд идэвхтэй ажиллахыг Засгийн газраас шаардаж, уг жагсаалыг зохион байгуулж байгаа талаар Монголын эмэгтэйчүүдийн сангийн Захирал Б.Эрдэнчимэг хэллээ.
Тэрбээр, “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр 150 гаруй оронд 2000 орчим жагсаал цуглан, төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Монгол Улс ч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Үүний гол шалтгаан нь иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлан таниулдаггүй, тодорхой мэдээлэлгүйн улмаас тус төсөл, хөтөлбөрт нь хувь нэмрээ оруулж чаддаггүйтэй холбоотой. Тиймээс агаар, хөрсний бохирдолтой тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд сурталчлан таниулж, боловсруулсан хөтөлбөрүүдээ бодит ажил болгохыг Засгийн газраас шаардаж байна” гэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ