Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-12 13:44:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын нисэхийн тухай хуулийг 2003 онд баталж, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Тус хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт-туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасан байна. Уг хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор улсын төсөвт шинээр ямар нэг нэмэлт ачаалал үүсэхгүй.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүдээс асуулт, санал гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгав. Үүний дараа хэлэлцэх буй асуудлыг дэмжих эсэх дээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. 
Б.Туул
Холбоотой мэдээ