Монгол Улсын өргөмжит консул "Дэлхийн тэргүүний 20 эмэгтэй"-д шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2018-04-16 09:24:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Конгрессын гишүүн Данни К.Дависын олон үндэстний эв нэгдэл, нөхөрлөлийг хөхиүлэн дэмжих зорилгоор  үүсгэн байгуулсан “Үндэстэн угсаатнуудад зөвлөх бүлэг”  хэмээх олон улсын байгууллага нь эмэгтэйчүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд онцгой зүтгэл гаргасан хувь хүмүүсийг жил бүр шалгаруулдаг.
 
Энэ жилийн шалгаруулалт Иллинойс мужийн Чикаго хотноо 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр болж “Дэлхийн тэргүүний 20 бүсгүй”-н тоонд Монгол улсаас Бангладеш улсад суугаа Өргөмжит консул хатагтай Насреен Фатема Ауалыг Бангладеш улсад төдийгүй Өмнөд Азид эмэгтэйчүүдийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү шалгаруулан өргөмжилжээ.
Нью-Йоркийн Хэрбэрт Лехманы ахлах сургуулийг 1976 онд, Манхеттаны их сургуулийг 1983 онд, Харвардын бизнесийн сургуулийг 2003 онд дүүргэж “Ашгийн бус менежментийн стратегийн хандлага, хэтийн төлөвөөр мэргэшсэн, Америкийн Олон улсын их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан Ф.А.Насреен нэр хүндтэй “Multimode групп”-ийг гэр бүлийнхээ хүний хамт байгуулж, тус группийн дэд захирлаар ажиллахын зэрэгцээ Бангладешийн ажил олгогч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Нью-Йорк хот дахь “Cornerstone Capital Group”-компанийн зөвлөх, Америкт суралцсан эмэгтэйчүүдийн клубын Дака дахь  салбарын захирал, Бангладеш улс дахь Монгол улсын өргөмжит консулаар сүүлийн арав гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна. Монгол, Бангладешийн харилцааг бизнес, соёлын салбарт өргөжүүлэх, хоёр талын ажил хэрэгч хүмүүсийг өөр хооронд нь танилцуулах чиглэлээр идэвхитэй ажилладаг хатагтай Ф.А.Насреен Дака хотод 2017 оны 1 дүгээр сарын 12-20-нд болсон олон улсын кино наадамд монголын киноны уран бүтээлчдийг “Цагаан хадаг”, “Эх” киногоор оролцоход болон Монгол Улсын Их Хурлын  төлөөлөгчдийг мөн оны 4 дүгээр сард Олон улсын парламентын холбооны 136 дахь Ассамблейд оролцоход дэмжлэг үзүүлж ажилласан билээ.
Өргөмжит консул Н.Ф. Ауал Бангладешийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүлжмэл эдлэл, бөс даавуу, эм, мэдээллийн технологи, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдийг ирэх 7-8 дугаар сард Монгол оронтой танилцуулахаар ажиллаж байна.
Холбоотой мэдээ