Худалдааны салбарын ажилчдыг харилцаандаа анхаарах хэрэгтэйг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-20 10:21:48
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт хэрэглэгчдэд ая тухтай орчинд ёс зүйтэй шуурхай үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бий болгох, худалдаа эрхлэгчдэд холбогдох хууль эрх зүйн мэдээлэл, худалдааны салбарт төрөөс баримталж буй бодлогыг сурталчлан таниулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой “Стандарттай худалдаа-Хүнсний аюулгүй байдал” сэдэвт зөвлөлгөөн боллоо.
Энэ үеэр худалдааны салбарын өнөөгийн байдал, баримталж буй бодлого цаашдын зорилт, худалдааны байгууллагын стандарт түүнийг хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл өгч тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав. Тус аймаг аялал жуулчлалын бүс нутаг учраас урин дулааны цагт гадна дотны жуулчид хамгийн их ирдэг. Гадна дотны жуулчдад хамгийн түрүүн үйлчилгээ хүргэдэг худалдааны салбар тэр дундаа худалдагч нар харилцаа, хандлагадаа анхаарах шаардлагатай байгааг анхааруулж байв. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдгийн адил нэг л хүн жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлбэл Хөвсгөл аймгийн худалдааны салбарын нэр хүнд унана. Иймээс худалдагч, үйлчлэгч бүр худалдааны байгууллагын стандарт түүнийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй" хэмээн уриалав.
Тус аймгийн хэмжээнд 650 гаруй худалдаа үйлчилгээний цэгт 1500 гаруй иргэд ажиллаж байна. Зөвлөлгөөнийг аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж 270 гаруй худалдаачид оролцлоо.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ