Их аварга Хакүхо М.Даваажаргалын бие чилээрхжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-20 17:03:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал хаврын тойргийн барилдаанаас энэ сарын 15-ны өдрийг хүртэл чөлөө аваад байсан бөгөөд дахин чөлөө авсан байна.

Тэрбээр биеэ сайн эдгээгээд бэлтгэлдээ гарахаа амалжээ. Мэргэжлийн сумо бөхийн Нацү башё буюу зуны тэмцээн тавдугаар сарын 13-27-нд Токио хотноо болно.

Их аваргын аав Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга, Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь үдэх ёслол дөрөвдүгээр сарын 13-ны өдөр болсон. М.Даваажаргал аавынхаа буяны ажилд зориулж, асрамжийн газрын 500 хүүхдийг “Өргөө” кино театрт “Чингис хаан” хүүхэлдэйн киног үзүүлж, хүүхдүүдэд зорилгынхоо төлөө тууштай яваарай гэж захисан билээ.

Хакүхо М.Даваажаргал Японд очоод бие нь чилээрхэж, халуурсаны улмаас өнөөдрөөс эхлэн дахин 2-3 хоног амрахаар болжээ. Мөн хатгалгаа тусаж магадгүй гэсэн эмчийн онош гарсан учраас бэлтгэлээ түр зогсоосон байна.

Хакүхо өнгөрсөн гуравдугаар сарын башёг бэртлийн улмаас өнжсөн. Энэ өдрүүдэд бөхчүүд тойргийн барилдаанд оролцож байгаа бөгөөд энд Их аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нарын өндөр цолтой бөхчүүд бүгд байна. Бөхчүүд хотуудад сумогийн үзүүлэх тоглолтыг хийхээс гадна тусгай арга хэмжээнд оролцож байгаа юм.

Д.Өлзий
Холбоотой мэдээ