Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийг салгах хуулийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-20 19:08:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс  өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Манай улс 1985 онд нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын “Аж үйлдвэрийн өмчийн асуудал эрхлэх үндэсний тусгай алба” гэсэн 12 дугаар зүйлд Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээхээр заажээ. Монгол Улс нь аж үйлдвэр /оюун/-ийн өмчийн асуудлыг бие даан эрхэлдэг буюу патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдээллийг нийтэд танилцуулдаг тусдаа байгууллага байгуулах үүргийг уг конвенцид нэгдэх үедээ хүлээсэн байна. Гэвч Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн зохион байгуулахаар болсон нь Парисийн конвенцын дээрх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгоод зогсохгүй оюуны өмчийн хамгаалалтын ач холбогдол дэлхий дахинаа улам өссөөр байгаа энэ цаг үед дэлхийн хөгжлөөс хоцроход хүргэх сөрөг үр дагавартай юм байна.

Улсын бүртгэлийн байгууллага нь гуравдагч этгээдээс хамаарахгүйгээр бүртгэл хийх, уг бүртгэлээ хувь этгээдийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс нууцлах чиг үүрэгтэй. Харин оюуны өмчийн байгууллага нь 3-18 хүртэлх сарын хугацаанд хайлт, шүүлт хийх, дараа нь бүртгэгдэх гэж байгаа объект /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт болон зохиогчийн эрхийн бүтээлүүд/-ын талаар олон нийтэд тодорхой хугацаанд мэдээлэл өгч, гомдол, хүсэлт ирэх эсэхийг нягтлан шалгадаг байна. Хоёр өөр чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгтгэснээр оюуны өмчийн улсын хяналтын тогтолцоо нь ойлгомжгүй, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг дордуулсан, орон тоо бүтцийн хувьд хязгаарлагдмал байдалд хүрээд байгаа аж. Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд хоёр салган зохион байгуулж оюуны үйлдвэрлэл, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн оюуны өмчийн эрхийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлагыг харгалзан хууль тогтоолын төслийг боловсруулсан аж.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;” гэсэн агуулгатай хэсгийг нэмэх, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар 5 дахь хэсгийн 7 дахь заалтын “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;”, мөн хэсгийн 10 дахь заалтын “-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;” гэснийг хасахаар тусгажээ. Харин Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд “1.1 Оюуны өмч, инновацийн газар” гэсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг нэмэх, тогтоолын хавсралтын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх “5. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “5. Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж өөрчлөхөөр  тус тус тусгасан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Н.Туяа
Холбоотой мэдээ