“Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхий нийтийн өдөр”-ийг анх удаагаа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-01 10:44:13
Увс /МОНЦАМЭ/. “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхий нийтийн өдөр”-өөр Увс аймагт анх удаагаа өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд Улаангом суманд үйл ажиллагаа явуулж байгаа 72 байгууллагын 1100 гаруй ажилтан алба хаагчид хамрагдсан бөгөөд тэд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг уриалсан уриалгыг барьж, Улаангом сумын гурван зүгээс нэг зэрэг жагсан ирж Гиваан баатарын талбайд нэгдсэн юм.
Энэхүү өдөрлөг нь хөдөөгийн 18 суманд мөн нэгэн зэрэг болсон бөгөөд үүнд нийтдээ 2000 гаруй иргэн, хүүхэд багачууд, төрийн алба хаагчид хамрагдсан байна.
Өдөрлөгийг Цагдаагийн газрын 150 гаруй алба хаагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтнуудтай хамтран зохион байгуулжээ. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ