Монгол Улсын Ерөнхий сайд эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн МАА-г хөгжүүлэх асуудлыг анхаарна гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-16 16:19:58
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг нийт 8278 малчинтай, 4679 малчин өрхтэй, 9541 мал бүхий өрхтэй. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 1.5 сая мал тоологдсон. Энэ нь тариалангийн гол бүс нутагт малын хөлийн даац даруй гурав дахин нэмэгдсэнийг харуулж байгаа тоо юм. Иймээс газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийг бүхэлд нь “Эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг” болгох хүсэлтийг аймгийн удирдлагууд Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Ингэснээр малчид, тариаланчдын зөрчил арилж, зорилго нэг болох аж. Нөгөө талаар тариаланчид хөрсөө хамгаалах, үржил шимийг нь нэмэгдүүлэх зорилгоор сэлгээний ургамал тариалж, тэжээл бэлтгэдэг ч борлуулалт байхгүйгээс бас л асуудал үүсч байгаа аж. Иймээс Сэлэнгэ аймгийн хувьд эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлбэл тариаланчид тэжээл нийлүүлэх бүрэн боломж бий болох юм. Үүнийг төрөөс бодлогоор зохицуулж өгөхийг Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайдаас хүслээ. 
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ  ирэх жил атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой болно. Энэ жил ургацаа их арвин авах хэрэгтэй хэмээн хүсээд Дархан, Сэлэнгийн сав газрыг газар тариалангийн бүс нутаг болгон зарлах тухайгаа ирэх засгийн газрын хуралдаанд оруулна гэдгээ хэллээ. Мөн тэрээр энэ үеэрээ би Ерөнхий сайдын хувьд гурван зүйлийг монголдоо хийх юмсан гэж боддог гээд
-Нэгдүгээрт эрүүл хүнсээр эх орноо хангах юмсан.
-Хоёрдугаарт эрчим хүчээр эх орноо хангах юмсан
-Гуравдугаарт нефьт шатахуунаар эх орноо хангах юмсан гэж онцлон хэлсэн.
Энэ гурав байхад бусдыг хөгжүүлж болно. Бусад нь дагаад л хөгжинө гэж боддог. Эрүүл хүнсээр эх орноо, ард иргэдээ хангах явдал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Иймээс газар тариаландаа маш ихээр анхаарна. Ард иргэдээ эрүүл, эх орондоо тариалсан хүнс тэжээлээр хангах ёстой. Иймээс Засгийн газраас газар тариалангаа хөгжүүлэх ялангуяа эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн МАА-г хөгжүүлэх асуудлыг анхаарна. Би зөндөө олон газраар явлаа. Эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн МАА-н бүсийг тогтоож өгөөч гэж малчид, тариаланчид маань их хүссэн. Газар тариалангийнхаа талбайг хашаажуулмаар байна, хучмаар байна гэж . . . Энэ бол хамгийн чухал асуудал. Үүнийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймээс Засгийн газраас тариаланчидтайгаа хамтарч ажиллана. Дээр нь усалгаатай газар тариаланг эрхлэхэд тусална. Алийн болгон хэзээ бороо орох бол гэж горьдож суух вэ. Энэ бол газар тариаланд маш хүнд үр дагавар авчирч байна. Иймээс услалтын системийг ашиглах дээр төрөөс дэмжих, асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллах болно гэдгээ ерөнхий сайд хэлсэн. Монгол Улсын Засгийн газар Хятадын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээс 24 сая долларын тоног төхөөрөмж авч байгаа аж. Үүнийхээ 10 гаруй мянган га-д усалгаатай систем авч байгаа юм байна. Сангийн яаман дээр урьдчилгаа шилжүүлэх ажил одоогоор хийгдэж байгаа гэнэ. Үүнийг шийдчихвэл болно гэж салбарын сайд хэллээ. Гэхдээ төсөв хүндрэлтэй байгаа ч 10 тэрбум төгрөг гадны зээл тусламжаар хөрөнгө оруулалтаар орж ирсэн байгаа. Үүнийхээ 40 хувийг усалгаатай тоног төхөөрөмж авахад зориулна. Энэ жилдээ 10 орчим мянган га-д болж өгвөл 15 мянган га-г усалгаатай болгох зорилт тавьж байгаа гэж салбарын сайд танилцуулсан. ¬Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, сайхан байна, тариалалтаа сайн хийж байна. Тариалалтынхаа талбайн 80 хувийг ашиглаж байгаа нь сайн хэрэг. Одоо асуудлыг шийдэх цаг болсон. Одоо цөмөөрөө шийдвэр л гаргаж баймаар байна. Цаг хугацаа бага байна хэмээн хэлсэн юм. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Сант сум дахь 'Монгол газар шим' компанийн захирал Б.Эрдэнэбат, Манай компани 10 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэр үед атрын аян эхэлж байсан, манай компани дээр С.Баяр сайд ирж байлаа. Ингээд 10 жилийн дараа ойн дээр нь та ирлээ. Их бэлэгшээж байна. Төрөөс хашаажуулж, ойн зурвас байгуулна гэж ярьж байсан. Үүнийгээ хурдтай хийгээсэй гэж салбарын сайдаасаа хүсэх байна. Мөн Ерөнхий сайд та тариалалтын ид ажлын үед биечлэн талбайгаар явж, бидний ажилтай танилцаж байгаад талархаж байна. Зоригтой шийдвэр гаргаж, хүлээгдэж байгаа асуудлуудыг дор бүрд нь шийдээд яваасай гэж хүсье гэлээ. Сэлэнгийн тариаланчид энэ сарын 27 гэхэд тариалалтаа дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ жил тариаланчдад үрийн асуудлыг аятайхан шийдэж өгсөнд их олзуурхаж байна гэдгээ тэд хэлж байлаа.
Мөн Ерөнхий сайдын очсон Хушааат сум дахь “Элит үр” ХХК монголдоо цорын ганц төмсний үрийн аж ахуй гэдгээрээ онцлогтой. Тус компанийн захирал С.Нямжав ажлаа танилцуулсан. Эднийх төмсний тариалалт, үрийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд солист, гала, куарта сортын төмс тариалдгаас гадна чипсний төмсийг тариалж эхэлсэн гэдгээ дуулгалаа. Мөн элит үрээ үржүүлж бусад тариаланчдад нийлүүлдэг бөгөөд салбар яамны дэмжлэгээр дотоодын үрээр тариаланчдаа 70 хувь хангах зорилт тавьсан гэлээ. Нийт 250 мянган бичил булцуу буюу үр гаргаж чадвал гаднаас төмсний үр импортлохгүй байх бүрэн боломжтой гэдгийг С.Нямжав захирал хэлж байв. Энэ жил 8.5 мянган га-д  төмс тариалах бөгөөд хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилго өмнөө тавьжээ.
Сэлэнгэ аймгийн Хөтөл дэх ТЭДС-ийн захирал Б.Үнэнбат ажлаа танилцууллаа. Тэрээр ОХУ-д үйлдвэрлэсэн ХАА-н жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зориулсан тоног төхөөрөмж нь үнэ хямд, засвар үйлчилгээ нь ойр, хүү багатай худалдан авахад ихээхэн боломжтой хэмээн хэлсэн юм. Энэ техникийн авахад урьдчилгаа 30 хувь төлөөд авах бөгөөд жилийн хүү 5.6 хувь гэнэ. Үлдэгдлээ намар ургацаа хураасны дараа үр тариагаараа төлөх боломжтой гэсэн.
Засгийн газрын тэргүүн Сэлэнгийн тариаланчдад хандаж газар тариалан, хөдөө аж ахуйг дэмжиж, эрчимжсэн МАА, газар тариалантай болох, хөрсөө хамгаалж, хашаажуулах, эрүүлжүүлэх, га-гаас авах ургацыг нэмэгдүүлж, усалгаатай тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг бодлогын шинж чанартай ажлыг Засгийн газраас дэмжинэ гэв. Мөн ХАА, газар тариалан, МАА-г эдийн засгийн тэргүүлэх салбар болгон ажиллах зорилт дэвшүүлсэн гээд тариаланчид бүтээгдэхүүнээ экспортод гаргах зорилт тавихыг хүссэн.
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ