М.Мягмаржав: “Идэрийн эх хэлний олимпиад”-ын гурван түрүүг охин бид хоёр авсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-17 17:58:03
 Увс /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Идэр суманд энэ сарын 11-13-нд болсон “Идэрийн эх хэлний сорилго-2018” олимпиадад Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний лаборатори Цогцолбор 1-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Минсэгийн Мягмаржав түрүүлсэн байна. Тэрбээр энэхүү олимпиадад таван удаа оролцохдоо тогтмол айрагдаж байсан бол энэ жил анх удаагаа түрүүлж, нэг цэн алт, 20 цэнгийн мөнгөөр урласан “Багш дор мөргөмүй” медаль, таван сая төгрөгөөр шагнуулсан байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-“Идэрийн эх хэлний сорилго-2018” олимпиадад түрүүлсэнд тань баяр хүргэе. Энэ жилийн олимпиадын талаар яриач?
-Баярлалаа. Энэ жилийн олимпиадад Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг болон есөн аймгийн Ерөнхий боловсролын 50 сургуулийн багш, сурагчид оролцсон томоохон арга хэмжээ болсон. Увс аймгийн таван сургуулийн баг олимпиадад оролцсоноос манай сургуулийн баг 5-р байр эзэлсэн.
Энэ олимпиадыг “Шинэ Ази” группийн ерөнхийлөгч Лхамсүрэнгийн Төрбаяр өөрийн ангийн багш Лутын Лхагважавын нэрэмжит болгон 2009 оноос хойш жил бүр ивээн тэтгэн явуулж байна. Нэгд, “Багш дор мөргөмүй” уриан дор багшаа хүндэтгэн алдаршуулах, хоёрт, өсөж төрсөн нутаг Идэр сумандаа энэ олимпиадын үеэр урлаг, соёлын гавьяатууд, яруу найрагч, зохиолчид болон эрдэмтдийг урин авчирч, нутгийн ард түмэн, уул усаа баясгах, гуравт, эх хэлнийхээ боловсролыг дэмжин, хойч үеийгээ эх хэлээ дээдлэн, хайрлан хамгаалж явах мэдлэг, чадвартай болгох зорилгоор зохион явуулдаг уламжлалтай. Эгэл жирийн аавын хүү эрдэмт багш болон эх орон, төрсөн нутгийн ачийг ийнхүү хариулж, эх орны тусгаар тогтнолын баталгаа болсон эх хэлнийхээ төлөө буянтай үйлс хийж байгаад олимпиадад оролцогчид баярлаж, бас бахархаж байгаа.
-Олон жил оролцсон олимпиаддаа түрүүлэх сайхан байсан биз. Таны охин М.Өлзийдэлгэр бүр хоёр удаа түрүүлсэн байх аа?
-Миний бие энэ олимпиадад өмнө нь таван удаа оролцож, байнга айрагдаж байсан. Энэ жил анх удаагаа түрүүлж, нэг цэн алт, 20 цэнгийн мөнгөөр урласан “Багш дор мөргөмүй” эрдэнийн тэмдэг болон таван сая төгрөгийн шагналын эзэн болсондоо баяртай байна. Уг эрдэнийн тэмдгийн эзэн, түрүү багшаар 2015, 2017 онд “Увс-Эрдэм” сургуулийн багш, миний охин Өлзийдэлгэр, 2016 онд Цогцолбор 2-р сургуулийн багш Д.Ариунаа нар тодорч байсан. Энэ жил би аварга болсноор Увс аймгийн багш нар сүүлийн 4 жил дарааллан уг олимпиадад түрүүлж байна. Үндсэндээ энэ олимпиадын гурван түрүүг охинтойгоо хамт авсандаа баяртай байгаа.
-Энэ жилийн олимпиадад манай аймгийнхан ямар амжилт үзүүлэв?
-Бага ангийн багшийн төрөлд манай сургуулийн багш Ц.Цэвэлмаа дэд аварга, монгол бичгээр алдаагүй зөв бичих төрөлд Зүүнхангай сумын багш Ц.Баасандорж 3-р байр эзэлсэн. Тэрчлэн, 10 дугаар ангийн төрөлд манай сургуулийн сурагч М.Ганчимэг мөнгөн медаль, 11 дүгээр ангийн төрөлд Ахлах 3-р сургуулийн сурагч С.Нансалмаа алтан медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа. Олимпиадын үеэр зохиолч, уншигчдын уулзалт, эрдэмтэн багш нарын сургалт явагддаг нь багш нарт үр өгөөжөө өгсөөр байна. Энэ олимпиад нь монгол хэлний хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, багш нарын мэргэжлийн мэдлэг, заах ур чадварыг улам ахиулах, сурагчдын эсээ бичих болон яруу сэтгэн бичих чадварыг хөгжүүлэхэд маш их үр өгөөжөө өгч байна гэж оролцогчид үнэлдэг юм.
-Энэ олимпиадын шагналын сан их өндөр юмаа?
-Тиймээ. Тухайлбал, монгол хэлний багш нарын төрөлд түрүүлсэн багш таван сая, дэд байрын багш гурван сая, гуравдугаар байрын багш хоёр сая, тусгай байр эзэлсэн хоёр багш 1.5 сая төгрөгийн шагнал хүртсэн. Мөн бага ангийн багшийн төрөлд түрүүлсэн багш 2,5 сая төгрөгийн шагнал, эсээ бичлэгийн төрөл болон “Яруу сэтгэе” шүлэг зохион бичих уралдаанд түрүүлсэн сурагчийг тус бүр хагас сая төгрөгөөр, 5-12-р ангийн ангилал бүрт түрүүлсэн сурагчдыг 250 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан. Идэрийн олимпиад нь багш нарын нийгмийн асуудлыг давхар шийдвэрлэсэн, багш, сурагчдын урмыг нэмсэн сайхан арга хэмжээ болдог юм. Энэ олимпиадад 5-12-р ангийн сурагчид оролцдог. Манай сургуулийн 5-р ангийн сурагч Ж.Гантулга 154 сурагчаас 7-р байрт орчихоод, “Багш аа, би дараа жил заавал ирж оролцож медаль авна, та намайг багтаа заавал авна шүү” гэж ярьж байснаас үзэхэд сурагчдыг бага ангиас нь эх хэлнийхээ хичээлд дур сонирхолтой, бас зорилготой болгоход энэ олимпиад үр өгөөжөө өгч байгаа нь харагддаг.
-Таны охин М.Өлзийдэлгэр одоо хаана ажиллаж байгаа вэ?
-Охин маань энэ жил Улаанбаатар хотод магистрт суралцангаа “Орчлон” олон улсын дунд сургуульд багшилж байгаа. Саяхан нийслэлээс шалгаран Монгол хэл бичгийн улсын олимпиадад оролцож, алтан медаль хүртсэнд би баяртай байгаа. Аавынхаа мэргэжлийг эзэмшсэн охиноороо бахархаж явдаг. Би 1984 онд УБДС-ийн Ховд аймаг дахь салбарыг төгссөнөөс хойш 34 дэх жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна. Монгол Улсын Зөвлөх багш цолтой.
-Танд баярлалаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ