Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварыг нэг хувьд хүргэх хуулийн төсөл боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-17 19:18:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.

Уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нарийн тусгажээ. Тухайлбал “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” ангилалд 9 хүртэл ажилтантай, жилд 250 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг, “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 10-50 хүртэл ажилтантай, жилд 251-500 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг хамруулж үзнэ хэмээн тодотгосон байна. Мөн “дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 51-200 хүртэл ажилтантай, 501 саяас 2,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хамруулах аж.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, жил бүрийн улсын төсвийн 10 хувийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулах талаар тусгайлсан зохицуулалт бий болгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Энэ хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дотоодын худалдан авалтын 10-аас доошгүй хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр хангах, тэдэнд давуу эрх олгох заалт тусгасныг хууль санаачлагч Ж.Ганбаатар гишүүн танилцуулгадаа дурьдав.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, М.Билэгт, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, Н.Учрал, Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг бодит орлогын эх үүсвэртэй, тогтсон ажлын байртай болгох, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн чухал зохицуулалтыг тусгасан учраас хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Ийнхүү ажлын цаг дууссан тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш буюу энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх болсноор өнөөдрийн чуулган өндөрлөв.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ