БНКУ-тай биотехнологийн салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-05-18 17:15:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС, БНКУ-ын ЭСЯ хамтран Куба улсын биотехнологийн төвтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, В, С вирусын эсрэг вакцин, сахарын диабитын эмчилгээний технологи, шүлхийн эсрэг вакцин зэрэг анагаах ухаан, биотехнологийн салбарт гарч буй сүүлийн үеийн ололт амжилтын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлэхээ, “Монгол Улс дэлхийн биотехнологийн зах зээлд нэвтрэхийн тулд Куба улстай хамтран хөгжүүлэх шаардлагатай байна. ЮНЕСКО-гийн “UNESCO SCIENCE REPORT Towards 2030” тайлангийн статистик мэдээг үзвэл БНКУ нь инновацийг амжилттай хөгжүүлж иржээ. Куба улсад процессын инноваци, байгууллагын инноваци, бүтээгдэхүүний инноваци түлхүү хөгжиж, 10 өндөр технологийн компани үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Монгол Улсын хувьд ч өнөөдөр үндэсний хэмжээнд төрийн өмчит их сургуулиудын судалгааны лабораторийн чадавхи сайжирч байна. Манай улсад халдварт өвчний тархалтын зүй тогтол, дархлаажуулалт, орчны эрүүл ахуй, цусны эргэлтийн болон хүүхэд, өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүд зонхилон тохиолдож байгаа өвчин эмгэг, чихрийн шижин, элэгний эмгэг, эд эрхтэн шилжүүлэн суулгах технологи, тэдгээрийн геномын судалгаа, биотехнологийн оношилгоо, шинэ эм, биобэлдмэл боловсруулах, үйлдвэрлэх технологи, уламжлалт ба орчин үеийн анагаахын нэгдсэн онолын судалгаа явуулах зэргийг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна” гэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид улам бүр даяарчлагдан нэгдэж буй үед дээд боловсролын салбарын төлөөлөл болох МУИС, АШУҮИС, ХААИС болон ЭМЯ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хамтран БНКУ-тай биотехнологийн салбарт хамтран ажиллахад санал нэгтэй буйгаа илэрхийллээ. Мөн биотехнологийн салбар маш өргөн хүрээг хамрах тул хамтын ажиллагааны тодорхой чиглэлээр нэгдсэн санал боловсруулахаар шийдвэрлэв. Түүнчлэн биотехнологи, генетикийн инженерчлэлийн салбарын эрдэмтдийн төлөөлөл бүхий нэгдсэн баг, ажлын хэсэг байгуулах замаар БНКУ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн олон тодорхой ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэхээр тохиролцов.

Холбоотой мэдээ