Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танилцах аялал эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-18 17:46:52
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс Улаангом сумын Ерөнхий боловсролын 6 сургуулийн 9 дүгээр ангийн 24 сурагчийн дунд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор "Ирээдүйн эзэд" албан байгууллагатай танилцах аяллыг өнөөдрөөс зохион байгуулж эхлээд байна. "Ирээдүйн эзэд" аяллын багийнхан эхний ээлжинд аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс болон аймгийн шүүхээр орж ажил байдалтай нь танилцлаа.
Сурагчдыг шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж нар хүлээн авч уулзан шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажиллагаа, шүүх хуралдааны танхим, шүүгчийн эрх үүрэг хувцас, шүүх хурлын явц, шүүхийн байгууллагын онцлогын талаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа. Сурагчид анх удаагаа шүүхийн байгууллагаар орж үзэсэн тул ихээхэн сонирхож, нээлттэй хүндэтгэн хүлээн авч байгаад баярлаж, шүүгчийн өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхимтай танилцан, шүүгчээс сонирхсон асуултаа асууж сэтгэгдэл маш өндөр гарсан юм.
"Ирээдүйн эзэд" албан байгууллагатай танилцах аялалд оролцогчид энэчлэн хэд хэдэн албан байгууллагаар орж ажил байдалтай нь танилцан, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох аж. Ингэснээр тэдний ирээдүйд сонгох мэргэжил тодорхой болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ