Алтайскы 75 сортын үрийн буудайг ОХУ-аас оруулж ирж тариалалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-21 13:20:21
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас үр тарианы үйлдвэрлэгчдийг дэмжих, үрийн дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Алтайскы 75 сортын 300 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж иржээ. Одоогоор хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулан үрийн буудайг авч тариалалтаа эхлүүлжээ. Энэ талаар аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очироос тодрууллаа.
“Энэ жил аймгийн хэмжээнд 14 мянга орчим га-д тариалалт хийгдэнэ. Одоогоор тариалалт 40 орчим хувьтай явагдаж байна. Цаг агаар харьцангуй хүйтэн байгаа тул тариалалт оройтсон. Гэхдээ ямар ч байсан төлөвлөсөн хугацаандаа ажлаа бүрэн дуусгана. Үрийн хувьд хангалттай байгаа. Алтайскы 75 сортын 300 тонн үрийн буудайг ОХУ-ын Барнаулаас оруулж ирсэн. Үүнээс Баруунтуруун суманд 250 орчим тонныг нь тариалж байгаа. ОХУ-ын цаг уурын нөхцөл байдал манай бүс нутагтай ойролцоо, хур чийг багатай байдаг. Алтайскы 75 сортын үр нь ганд тэсвэртэй ургадаг нь туршигдсан учир энэ жил бид харьцангуй арвин ургац авна гэж бодож байна. Тариаланчид маань шатахуун түлшээ хангалттай бэлдэж авсан. Энэ жилийн хувьд хур бороо багатай байх тул үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авна. Пуужин, түлшийг хангалттай бэлдсэн байгаа” гэлээ.
Өнгөрсөн жил Увс аймагт гантай байсан ч боломжийн ургац авсан болохоор энэ жил сайн сортын үрийн ачаар илүү арвин ургац авна хэмээн ийнхүү мэргэжлийн байгууллагынхан үзэж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ