Түмэн адууны баяр хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-22 17:13:22
Увс /МОНЦАМЭ/. Сагил сумын Баянзүрх багийнхан Түмэн адуутай болсныхоо баяр наадмыг ирэх сарын 3-4-ны өдрүүдэд хийх гэж байна. Энэ үеэр зургаан насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, урлаг соёлын тоглолт зэрэг арга хэмжээ болох аж. Тэрчлэн, Сагил сумын баг тус бүрээс хоёр малчинг оролцуулсан “Адуучин” тэмцээн хийхээр болсон байна.
Сагил сумын Баянзүрх багийн нутаг Шар бураад энэхүү наадам болох бөгөөд Увсчуудыг өргөнөөр ирж үзэж сонирхохыг тус багийн удирдлага уриалжээ.
Морь унаач хүүхдүүдийг 12-аас дээш настай байх бөгөөд төрсний гэрчилгээгээ авч ирэх шаардлага тавьж байгаа аж. Сагил сумын Баянзүрх багийнхан 2017 оны жил эцсээр мянган адуу тоолуулсан бөгөөд түүнийхээ баярыг ийнхүү зуны дэлгэр цагаар тэмдэглэж байгаа нь энэ аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ