Монголын 50 сэтгүүлч Хятадын Сычуань, Гүйжөу мужид айлчилж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-05-26 19:37:05
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дарга  Си Жиньпин 2014 онд Монгол улсад айлчлал хийх үеэрээ ирэх 5 жилийн дотор Монголын 250 сэтгүүлчийг Хятад улсад айлчлахыг урьсан байдаг. Үүний дагуу жил бүр Монгол Улсын 50 сэтгүүлч БНХАУ-д айлчилдаг уламжлал тогтсон.
Энэ жилийн хувьд "Ядууралтай тэмцэх, ядуурлыг бууруулах" сэдвийн дор зохион байгуулж буй айлчлалд телевиз, радио, сайт, сонин зэрэг  Хэвлэл мэдээллийн хэрэгслээс бүрдсэн сэтгүүлчдийн баг энэ сарын 20-26-ны өдөр БНХАУ-д айлчилж байна.
Тэд хоёр хэсэгт хуваагдан Хятадын Сычуань, Гүйжоу мужуудад зочилж  тухайн бүс нутгийн ядууралтай тэмцэх ажлын явц, хэрэгжилт, арга туршлагыг сурвалжлах юм.
Сэтгүүлчдийн багийг ахалж  МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр айлчллын талаар “БНХАУ-ын ядуурлыг бууруулах том бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга зам нь дэлхий нийтэд тэргүүн туршлага болж байна. Үүнийг сурвалжлах боломж таатай завшаан манай сэтгүүлчдэд тохиож байна.  Ядууралтай тэмцэх  бодлогын хэрэгжилт бодит байдал дээр хөдөө орон нутгийн тосгодын ард иргэдэд хэрхэн хүрч ажиллаж байгааг газар дээрээс нь сурвалжилж  Монгол улсынхаа ард иргэдэд хүргэх нь хамгийн том туршлага юм” гэв.
Монголын сэтгүүлчдийг БНХАУ-д айлчлахын өмнөхөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр сэтгүүлчдэд хандаж “Одоогоор Хятадын бүхий л үндэстэн ястан Си Жиньпиний Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг чиглэлээ болгон, Си Жиньпинээр  удирдуулсан  Намын төв хорооны  гишүүд эв санаа нэгтэй нягтран нэгдэж, "Хоёр зуун жилийн" томоохон зорилт болон Хятадын аугаа мөрөөдлийг биелүүлэхээр хичээнгүйлэн зүтгэж байна.

Энэ жилийн эхээр Хятад Улс "Хоёр чуулган" –аа амжилттай хуралдуулж, ядууралтай тэмцэх, ядуурлыг бууруулахыг дараагийн 5 жилд Хятадын Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгосон. Хятад Монгол хоёр улс нь нөхөрсөг хөршүүд бөгөөд хөгжиж буй орнууд. Хоёр улс ядуурлаас ангижрах тал дээр адил асуудалтай нүүр тулгарч байгаа. Хятадын тал элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлж, Монгол Улстай өөрийн улсын ядууралтай тэмцэх, ядуурлыг бууруулах болон эдийн засгийн хөгжлийн туршлагаас хуваалцаж, "Бүс ба зам" санаачилгыг Монголын "Хөгжлийн зам" стратегитай эрчимтэй уялдуулж, Монгол Улсын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэн, Монголын ядууралтай тэмцэх үйлсэд түлхэц үзүүлж, ард түмэнд үр өгөөжийг нь хүртээх болно. Энэхүү аяллаар та бүхнийг хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг шинэ өнцгөөс харж, Хятад Монголын харилцааны хөгжилд шинэ санаа, шинэ боломжуудыг дэвшүүлж хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Дашрамд дурдахад, өнгөрсөн 3 жилийн  хугацаанд Монголын 150  сэтгүүлч Хятад улсад айлчилсан байсан. 
А.Анхбаяр

Холбоотой мэдээ