Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх тухай хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-30 13:15:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ШЕЗ, УДШ-ийн Иргэний хэргийн танхим, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны цаашдын төлөв” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр  зохион байгууллаа.
Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж,Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөх зорилгоор Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчид, нийслэл дэх иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтан, эвлэрүүлэн зуучлагч, гэр бүл судлаачдын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэг оролцсон юм. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах хэлэлцүүлгийн эхэнд “Нийгмийн харилцааны өөрчлөлтийг дагаад Гэр бүлийн тухай хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангахын тулд 19 жил хэрэгжсэн хуулийг шинэчлэх ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ахалж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго бол гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж, ажил хэрэгч санал гаргах юм” гэлээ. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр “Сүүлийн гурван жил шүүхээр шийдэгдсэн гэр бүлийн маргаантай холбоотой хэргийн тоо өссөн. Тухайлбал 2015 онд 4539, 2016 онд 4671, 2017 онд 4566 гэр бүлийн маргааны хэргийг шүүх хэлэлцэж шийджээ. Улсын хэмжээнд Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдсэн нийт хэргийн 10.4 хувийг гэр бүлийн маргаантай холбоотой хэрэг эзэлж байна”гэсэн юм. Мөн тэрбээр гэр бүлийн маргааны 63.6 хувь нь гэрлэлтээ цуцлуулах өргөдөл байгааг онцлоод шүүгчдийн саналыг сонсохоор хэлэлцүүлэг зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал авах зорилгоор бид энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хуулийн төслийг засаж, сайжруулахад та бүхэн үнэтэй санал гаргана гэдэгт итгэж байна” гэлээ. Хэлэлцүүлгийн үеэр “Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэж буй шүүхийн практик”, “Гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой шүүхийн статистик мэдээллийн дүн шинжилгээ”, “Хүүхэд асрах эрх тогтоох маргаанд сэтгэл зүйч шинжээчийн дүгнэлт гаргах арга зүй”, “Гэр бүлийн маргааныг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал”, “Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны практик, тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа.
Ж.Батсайхан
 

Холбоотой мэдээ