Аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-30 14:46:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлд төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй 28.1 тэрбум төгрөгийн 68 эд хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Төслийг баталснаар Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт нийт 350 хүүхдийн цэцэрлэг байгуулах, Ховд, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг нэмэгдүүлэх, Увс, Ховд, Баян-Өлгий, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ