Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-31 16:22:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд эх орноо хамгаалах чиглэлд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, үүрэг болон аймаг, нийслэлийн Засаг дарга, хуулийн этгээд, иргэний үүрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Мөн орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээний санхүүжилт, хамгаалалтын нууцлалт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцэх үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагч буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг тусгаагүй байна хэмээн АН-ын бүлэг завсарлага авсан. Энэ долоо хоногт Батлан хамгаалахын сайд хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж, саналыг нь авсан байна. Үүний дагуу өнөөдөр АН-ын бүлгийн завсарлаг дуусч үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Д.Тогтохсүрэн, “Хуулийн төсөлтэй холбогдуулан шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн төсөвт суулгахаар төлөвлөсөн байна. Орон нутаг өөрсдөө энэ хуулийг хэрэгжүүлэх хэмжээний хөрөнгө цуглуулж чадахгүй. Тиймээс жил жилийн төсөв батлах үед энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг улсын төсвөөс хуваарилдаг болох ёстой” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Мөн хуралдаанаар Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Хуралдаан үргэлжилж байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ