Хүчирхийлэл буурахгүй байна гэсэн судалгааны дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-18 08:50:47
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь их байна гэсэн судалгааны дүн гарчээ. Эмэгтэйчүүдийг ихэнх тохиолдолд гэр бүлийн бусад гишүүд нь хүчирхийлсэн байх юм. Судалгааны дүнгээс танилцуулбал, амьдралдаа бусдын зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Улаанбаатар хотод хамгийн их буюу 22.1 хувь байгаа бол Дорнодод 15 хувь байна.
Харин сүүлийн нэг жилийн хугацаанд бусдын зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувийг аймгуудаар авч үзвэл Говьсүмбэрт 7 хувь, Архангайд 6.8 хувь, Увсад 5.2 хувь, Төв болон Дорнод аймагт 4.8 хувь байгаа юм.
Мөн судалгааны дүгнэлтээс харахад хөдөө орон нутагтай харьцуулахад  хот, суурин газар амьдардаг эмэгтэйчүүд бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд илүү өртжээ. Ихэвчлэн  гэр бүлийн бусад гишүүд энэ төрлийн хүчирхийллийг үйлддэг аж.
Дээрх судалгааны дүнг энэ сарын 14-нд болсон “Жендерт суурилсан хүчирхийллийн үр дүнг тархаах” семинарт Хүн ам, нийгмийн статистикийн газраас танилцуулсан байна.
Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 87 иргэнийг баривчлан саатуулж, тэдгээрийг эрүүл зан үйл төлөвшүүлэх албадан сургалтад хамруулсан гэж Цагдаагийн газрын мэдээлэлд дурджээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ