2020 оноос шинэ цэнгэлдэх хүрээлэн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-09 18:06:34
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017 онд Монгол Улсад 480 мянган жуулчин аялсан бол 2018 онд энэ тоо 10 дахин нэмэгдэнэ гэсэн таамаг гарчээ. Долоо, наймдугаар саруудад жуулчдын тоо эрс нэмэгддэг бөгөөд Монголд байх хугацаандаа нэг жуулчин дунджаар 1500 ам.доллар зарцуулдаг аж. Тиймээс гадны жуулчдыг аль болох олон хоног аялуулах үүднээс “Дээлтэй Монгол наадам”, “Даншиг”, “Сарлагийн баяр”, “Эсгийний баяр”, “Адуучдын баяр” зэрэг соёлын арга хэмжээ олноор зохион байгуулдаг. Энэ жилийн наадмаар Монгол Улс 90 мянган жуулчин хүлээн авах төсөөлөл буйг албаны хүмүүс онцоллоо.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц, үйлчилгээний нэр төрөл, чанарыг сайжруулах шаардлагатай. Түүнчлэн гадаад зах зээлд Монгол Улсыг сурталчлан таниулах буюу тэдэнд хандсан маркетингийн бодлогыг хэрэгжүүлэх нь аялал жуулчлалын салбараас олох ашигийг нэмэгдүүлнэ.  Манай улс гадны жуулчдыг тур оператор буюу аяллын компаниудаар дамжуулан авах сонирхолтой. Учир нь аяллын компаниуд тухайн жуулчныг ирэхээс явах хүртэлх хугацаанд санаа тавьж тэдний аюулгүй байдал, тав тухыг хангаж ажилладаг. Харин сүүлийн жилүүдэд хувиараа аялагчдын тоо эрс нэмэгдэж буйтай холбогдуулан бие даан аялагчдын аюулгүй байдалд анхаарч, мэдээ мэдээллээр хангах шаардлага тулгарч байна” хэмээв.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг үзэхээр олон жуулчин хүрэлцэн ирдэг ч Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдад 2500 тасалбар л хуваарилдаг.  Гадаад гэлтгүй дотоодын наадамчдад 10 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэн багадаж байгааг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс тодруулахад ”2020 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар одоогийн хэрэгцээ шаардлагад нийцсэн томоохон цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөж байна. Түүнээс гадна Хүй долоон худгийн Монгол Наадам цогцолборт Үндэсний их баяр наадмын иж бүрэн цэнгэлдэх хүрээлэн барихаар судалгаа хийгдэж байгаа” хэмээсэн юм.
Л.Нандиа
Холбоотой мэдээ