Байгаль орчны салбарын шилдгүүдэд Төрийн дээд одон медаль гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-07-10 19:43:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасан, байгаль орчны салбарт үр бүтээлтэй ажиллаж, онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийн шагналыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр гарын бэлгийн хамт гардуулан өглөө.
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын түүхт ойн энэ өдөр Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Н.Чагнаа төр улсдаа хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан цол хүртлээ. Тэрээр 1966 оноос хойш усны аж ахуй, байгаль орчин, шинжлэх ухаан, боловсролын салбарт 45 жил тасралтгүй ажиллаж, төр улсдаа зүтгэхдээ усны аж ахуйн салбарт ихээхэн хувь нэмэр оруулжээ. Мөн БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Пунцагсүрэн, “Туул голын сав газрын захиргаа”-ны дарга Я.Болдбаатар нарыг “Алтангадас одон”-гоор шагнасныг гардуулан өглөө. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Х.Майцэцэг, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн мэргэжилтэн Б.Батбаяр нарыг шагнасан байна. Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын Гачууртын Шар хоолойн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч Х.Бямбаад “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртээжээ.
 
Холбоотой мэдээ