АНУ Украинд 190 сая долларын тусламж олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-08 10:00:23

ВАШИНГТОН. /Sputnik/. Украины хууль сахиулах болон шүүх байгууллагад шинэчлэл хийх замаар авлигатай тэмцэх арга хэмжээг өргөжүүлэн, эрчим хүчний салбар дахь үр ашиг, ил тод байдал, уян хатан чанарыг нэмэгдүүлж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зориулах 190 сая долларын тусламжийг АНУ Украинд олгохоор болжээ.

Уг тусламж нь мөн Украины Засгийн газрын тогтоолуудыг оновчтой болгож, худалдааны хүчин чадлыг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд төрийн байгууллагуудыг хувьд гаргах зэрэг арга хэмжээ авч, тус улсад гадаадын хөрөнгө оруулалт татах зорилготой ажээ.

Даваа гарагт АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхий сайд Арсений Яценюктэй уулзаж, уг санхүүгийн тусламжийн асуудлаар хэлэлцсэн байна. Мөн Минскийн гэрээг хэрэгжүүлж, авлигатайгаа тэмцэхийг Жо Байден Украинд уриалжээ.

Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович 2014 онд суудлаасаа огцорсноос хойш АНУ Украинд хоёр тэрбум долларын зээл олгосон байна гэж Цагаан ордон мэдээлэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ