Гадаад томилолт, зочин хүлээн авах, шагнал урамшууллын зардлыг бүрэн хаслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 12:17:14

Сэлэнгэ аймгийн 2015 оны төсвийн орлого 86.4 хувийн гүйцэтгэлтэй байна

2015 оны эхний 11 сарын байдлаарх урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн төсвийн орлого 9.5 тэрбум төгрөг буюу 86.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үүнээс Цалин хөлс түүнтэй адилтгах орлого 88.8 хувь, улсын тэмдэгтийн хураамж 36.9 хувь, усны төлбөр 69.0, газрын төлбөр 79.0 хувь, татварын бус орлого 161.0 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

2016-2018 оны Монгол Улсын төсвийн төсөөлөлд орлогын төлөвлөгөө бууралттай байгаа бөгөөд аймаг орон нутгийн хувьд бүх нөөц бололцоогоо дайчлан орлого нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлсэн төсвийн орлогын төлөвлөлтийн чиг хандлагатай байна. Үүний дагуу аймгийн 2016 оны төсвийн орлого нь өмнөх оноос 3.3 тэрбум төгрөгөөр илүү төлөвлөгдөн батлагдаж иржээ. Эндээс аймаг болон сумдын орлогын ачаалал үлэмж нэмэгдэж байгаа нь харагдаж байгаа аж. Иймээс ирэх онуудад Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль болон холбогдох татварын тухай хуулиудын дагуу орлого биелүүлэх арга хэмжээг авч ажиллах, шинээр батлагдсан татварын хуулиудыг сурталчлан хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа юм.

2016 оны төсвийн орлогыг 65.0 тэрбум төгрөгөөр төлөвлөлөө

Сэлэнгэ аймгийн 2016 оны төсвийн орлого нь 65.0 тэрбум төгрөгөөр төлөвлөж байна.

Үүнээс хоёр хувь буюу 1.1 тэрбум төгрөг нь улсаас авах дэмжлэг, 11.4 хувь буюу 7.4 тэрбум төгрөг нь орон нутгийн орлогын шилжүүлэг, 65.3 хувь буюу 42.5 тэрбум төгрөг нь тусгай зориулалтын шилжүүлэг, 22.2 хувь буюу 13.9 тэрбум төгрөгийг татварын орлого эзэлж байгаа юм. Сэлэнгэ аймгийн орлогын өсөлтөнд хамгийн гол нөлөө үзүүлж байгаа орлого нь цалин хөлс түүнтэй адилтгах орлого бөгөөд энэ нь өмнөх оны түвшингөөс 15 хувиар нэмэгдэн батлагдаж байгаа аж. Мөн 2016 онд сумдын орлого 2015 оны төлөвлөгөөнөөс 24 хувь, 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 29.2 хувиар өсч төлөвлөгдөж байна. Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувираа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хууль 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болох аж. Иймээс тус хуулиар татвар төлж байсан иргэд, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөх болсон байна. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд үйл ажиллагааны орлогыг 2016 оны төсөвт нэмж төлөвлөн баталжээ. Энэ орлогын өсөлт нь сумдын орлогын өсөлтийн гол шалтгаан болж байгаа юм.

Сумдын төсвийн татварын орлого 93.4 хувийн биелэлттэй байна

2015 оны эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн сумдын төсвийн татварын орлого 93.4 хувийн биелэлттэй буюу 2.7 тэрбум төгрөг байна.

Тус аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хүдэр, Шаамар сумдын орлогын биелэлт 106.6 – 362.3 хувиар давж биелсэн байна. Харин бусад сумдын орлогын биелэлт 66.1 – 95.4 хувь буюу дутуу биелэлтэй байгаа аж.

Сэлэнгэ аймаг ирэх онд төсвийн зарлагыг бууруулна

Сэлэнгэ аймгийн 2016 оны төсөвт төсвийн зарлагыг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг төлөвлөсөн байна.  

Сэлэнгэ аймгаас 2016 оны төсвийн зарлагыг орон нутгийн төсөвт байгууллагуудын ажил үүргийг оновчтой хувиарлах, чиг үүргийн давхардлыг арилгах ажлын ачааллыг нягтруулах, төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар төсвийн зарлагыг бууруулах чиглэлүүдийг төлөвлөжээ. Мөн аймгийн төсвийн суурь зарлагын цалингийн санг 10 хувь, гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 100 хувь, дотоод албан томилолтыг 25 хувь, урсгал засварын зардлыг 15 хувь, ЕБС-ын ном сурах бичгийн зардлаас бусад байгууллагын ном хэвлэлийн зардлыг 100 хувь, бараа үйлчилгээний зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал, хичээл үйлдвэрлэлийн дадлага, эд хогшил худалдан авах, хангамж бараа материалын зардал, байрны түрээсийн зардлыг 15 хувь, сургалт семинарын зардлыг 50 хувь, шагнал урамшууллын зардлыг 100 хувь тус тус бууруулан тооцжээ.

65 075 822.0 мянган төгрөгөөр төсвийн орлого, зарлагыг баталлаа

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2016 оны төсвийн орлогыг 65 075 822.0 мянган төгрөг, зарлагыг 65 075 822.0 мянган төгрөгөөр тус тус баталлаа.

Сэлэнгэ аймаг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолын дагуу Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг төлөвлөж 592.5 сая төгрөгийг байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааны зардалд, сумдын байгаль хамгаалагчдын цалингийн санг 125.4 сая төгрөгөөр Байгаль орчин аялал жуулчлалын газрын төсөвт нэмж төсөвлөлөө.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ