Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулах үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-08-01 13:51:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.

Тэрбээр, “Энэ зун зарим аймагт бороо хуртай байгаа ч гантай бүс нутаг олон бий. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймгийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Үерийн улмаас Баян-Өлгий аймагт гамшиг тохиосон. Тиймээс Баян-Өлгий аймгийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, далан барих шийдвэр гаргалаа. Үүнээс гадна Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын төмөр замыг 2019 онд багтаан ашиглалтад оруулахыг салбарын сайд нарт үүрэг болголоо. Уг төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээврийн зардал 3-4 дахин буурч, төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ 800 тэрбум төгрөг хүртэл өсөх, экспорт 3-4 дахин нэмэгдэх тооцоолол гарсан” гэлээ.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Өмнөговьд ДЦС байгуулах асуудал ямар шатанд явж байна вэ?
-“Өмнийн говийн эрчим хүчний хангамж” төслийн хүрээнд “Оюутолгой” компанийн эрчим хүчийг дотоодоос хангах гэрээ хэлэлцээр үргэлжилж байна. Тавантолгойн уурхайг түшиглэн ДЦС байгуулах төслийг бүрэн боловсруулсан. Одоогоор Солонгосын эрчим хүчний компани хамтран ажиллах санал ирүүлээд байна.

-Монгол Улсад Туркийн иргэний асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

-Туркийн иргэнтэй холбоотой асуудлаар Засгийн газраас Туркийн Элчин сайдын яаманд бичиг илгээсэн. Туркийн Элчин сайдын яамнаас энэ үйл ажиллагааг явуулаагүй, явуулахгүй гэдгээ бидэнд мэдэгдсэн. Одоогоор уг асуудлыг цагдаа болон бусад хуулийн байгууллагууд шалгаж байгаа.
Ч.Ариунболд
 
Холбоотой мэдээ