Ерөнхий сайдад шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-08-01 14:27:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Бодлогын ерөнхий зөвлөл өнөөдөр хуралдаж, эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого, нийгэмд тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байна. Уг хуралдааны талаар тус намын  дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийв.

АН-аас энэ оны тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 15-нд “Монголоо сонсъё” аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Аяны үеэр тус намын гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш олгох, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хазаарлах, шатахууны үнийн өсөлтийг зогсоох, цалин, тэтгэвэр нэмэх, төрийн албан хаагчдын халаа сэлгээ, ажилгүйдлийг бууруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна. Эдгээр асуудлыг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар дүгнэн, эрх баригчид, шат шатны удирдлага, албан тушаалтанд хүргүүлэх болсныг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан дурьдлаа.

Энэ үеэр АН-ын Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатар, “Манай зөвлөлд авто тээвэр, зам, иргэний нисэх зэрэгт ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс байдаг. Бид мэргэлжийн зүгээс шатахууны үнийн асуудлыг багцлан авч үзлээ. Монгол Улс жилд 800 саяаас 1.4 тэрбум төгрөгийн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 90 гаруй хувийг “Роснефт” компаниас авч байна. 2016 онд АИ92 шатахуун литр нь 1534 төгрөг байсан бол одоо 1860 болсон. Дизель түлш 1640 байсан бол 2200 болж өслөө. Тиймээс Ерөнхий сайдад шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ