Англи орон гэргүй иргэддээ 100 сая фунтын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-13 13:33:19
twitter.com/Nyamkanmk
ЛОНДОН. /ВВС/. Гудамж талбайгаар хоног төөрүүлдэг, орон гэргүй хүмүүсийн асуудлыг 2027 он гэхэд бүрэн зохицуулна гэж Английн Засгийн газар мэдэгдлээ.

Гудамж талбайгаар хоноглодог орон гэргүй хүмүүст сэтгэцийн эрүүл мэндийн болон хорт зуршлаас нь салгах тусламж үзүүлж, тэдний амьдралыг өөрчлөхөд нь 100 сая фунт зарцуулна гэж Засгийн газар мэдэгджээ.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Англид орон гэргүй хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж, 2017 оны байдлаар ийм хүмүүсийн тоо 4750 орчимд хүрчээ.

Засгийн газрын энэхүү төлөвлөгөөг буяны байгууллагууд таатай хүлээн авч байгаа хэдий ч энэ төлөвлөгөө нэг төрлийн алхам болохоос биш асуудлыг бүрэн хэмжээнд шийдэж чадахгүй гэдгийг анхааруулсан байна.

Буяны байгууллагууд, шинжээчидтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү төлөвлөгөөний хүрээнд хорт зуршлаас салгах болон сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээнд 30 сая фунтийг зарцуулах ажээ. Үүний зэрэгцээ хууль бус мансууруулах бодист /синтетик каннабиноид/ донтсон хүмүүст туслах ажилтнуудыг сургах зэрэгт уг санхүүжилтийг зарцуулах ажээ. Манчестер хотын гэр оронгүй хүмүүсийн 90-95 хувь нь ийм төрлийн мансууруулах бодист донтсон байдаг байна.

Харин санхүүжилтийн тал хувийг буюу 50 сая фунтийг орон гэргүй хүмүүсийг орох оронтой болгоход зарцуулахаар төлөвлөжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ